sonin.mn

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах асуудал тав хоногийн завсарлага авлаа. Ний­гэмд хүлээлт үүслээ. Нэн тааламжтай байгаа хүмүүс бол МАН-аас УИХ-д сууж буй 20 гаруй гишүүн, том дарга байсан эрхмүүд, хуучин ху намын улаан фанатууд байх шиг байна.

Энэ намд, эдгээр хүмүүст энэхүү Засгийн газрыг огцорсноор улс оронд ямар их хор хохирол авчрах тухай бодохыг ч хүсэхгүй байна. Сонгуулийн ялаг­дал нь л нүдэнд нь харагдаж, сэтгэлээс нь гарахгүй хорссоор байна. Тав хоногийн зав­сарлага нь МАН-д тун хо­жоотой хэмээн тэд үзэж байна.

Яагаад гэвэл энэ намынхны зүгээс Засгийн газар унах нь, унахгүй нь, ардчиллынхан ийм хор найруулж байна, Засгийн газрыг солихгүй бол ирэх сараас эхлэн төрийн ажилт­­нуудынхаа цалинг ч тавьж өгч чадахгүйд хүрэх нь гэхчлэн есөн шидийн яриаг нийгэмд тарааж байх нь хийх ажилгүй МАН-ынханд гоё байгаа бололтой.

Энэхүү пиарын арга нь хамгийн ужиг, амь бөхтэй, хүний сэтгэхүйд гүн бат нөлөөлдөг билээ. Энэ тав хоногт МАН-ынхан мөн ч олон хар мессеж нийгэмд тараана даа.

Өнөөдрийн байдлаар л лав гадаадын хө­­рөн­гө оруулагчид бол­гоомж­лоод эхэлчихлээ. Энэ улс орны доторх бүх хөгжил хөдөл­гөөн, гадаад дотоод нөх­цөл байдал зогсонги байдалд орж, тийм нэг хөшүүн хойрго, бүрхэг улс орны дүр зураг бий боллоо.

Ийм байдлыг улам өдөөж, эх оронч ца­райлсан МАН-ынхан Засгийн ордон тойрон жаг­саж, орой үдэшгүй мэ­дээллийн хэрэгслүүдээр "Улс орон сүйрч байна" хэмээн ухуулж, цахим ер­төнцөөр ардчиллыг зүхэж эхэллээ.

МАН үнэхээр энэ улс орны төлөө санаа зовж байгаа улс төрийн хүчин үү. Тийм бол энэхүү дав­хар дээлийн асуудлыг эрт шийдчих боломжтой байсан шүү дээ. Их хурлын гишүүн-Засгийн газрын гишүүн давхар хийж байсан 11 хүн өнөөдөр УИХ-д сууж байна.

Тэд өнөөдөр гол дүрд тоглон "Давхар дээлтэй байх нь бузар хэрэг" хэмээн ярьцгааж байна. Эдгээр 11 хүн энэхүү дан-давхар дээлийг ярих нь инээдтэй харагдаж байгаа юм. Дэн­дүү увайгүй харагдаж байна шүү дээ. Өөрсдөө хоёрхон жилийн өмнө УИХ-ЗГ-ын гишүүний албыг давхар хашин даналзаж байсан атлаа хэдхэн сарын дараа төрөл арилжсан юм яриад байх чинь улстөрч биш улс орныг сүйрүүлэгчийн дүр төрхтэй харагдаж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд малын эмч мэргэжилтэй атлаа ХЗДХ-ийн сайд хийж даналзсан. Тэр үедээ давхар дээлийн тухай бодож байсан болов уу. Сү.Батболд гишүүн Гадаад хэргийн сайд, Ерөн­хий сайд гэхчлэн дав­хар дээлийг бүр гурав, дөрвөөр нь давхарласан. Ц.Нямдорж гишүүн бүтэн 20 жил УИХ-ын гишүүн-ХЗДХ-ийн сайдын албыг давхар хашсанаараа бараг Гиннесийн номд бичигдэнэ дээ, сүүлийн хоёр жил нь дан дээлтэй байгаа байх.

Д.Хаянхярваа хоёрхон жи­лийн өмнө Сангийн сайд-УИХ-ын гишүүн байсан. Ч.Хүрэлбаатар гишүүн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд бай­лаа. Ж.Энхбаяр нь БХ-ын сайд-УИХ-ын гишүүн байлаа. Ц.Дашдорж БХБ-ын сайд-УИХ-ын гишүүн байв. Д.Дэмбэрэл дарга чинь НХ-ын сайд-УИХ-ын гишүүн хүн. М.Энхболд дарга бол Их хурлын гишүүн-Шадар сайд байв.

За тэгээд С.Баяр, Ө.Энхтүвшин, Ц.Цэнгэл, Г.Занданшатар, Даш.Зо­ригт, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр... дуусахгүй үргэлжилнэ дээ, энэ намын давхар дээлтэй байсан гишүүдийг тоочвол. Бараг УИХ-д сонгогдсон бүгд нь Засгийн газрын гишүүнийг хийж үзэцгээсэн. Хоёрхон жи­лийн өмнөх хэрэг явдал ийм. Өнөөдөр тэгсэн тийм байгаагүй юм шиг загнацгааж байна. Ард түмний ой санамж устсан гэж бодоогүй байгаа. МАН-ынхан Засгийг дав­хар дээлтэй барьж болдог, бусад нь болдоггүйд л асуудлын гол нь байна.

Ингэхээр л МАН-ын өнөөдрийн давхар дээлийг тайлуулах гэ­сэн тэмцэл нь худлаа харагдаж бай­гаа юм. Дээр нь нэг сонин юм хэлэхэд хэрэвзээ өчигдрийн УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулсан бол МАН-ынхан уурлах бай­лаа.

Яагаад гэ­вэл янаг­лан хорлож чад­сан­гүй, АН-ыг нийгэмд удаан хугацаанд муухай харагдуулж чадсангүй гэж. Аль болох урт удаан хугацаанд АН-ын Засгийн газар огцорно, огцрохгүй, улс орон мөхлөө, сүйрлээ хэмээн ярьж жагсах нь АН-ын нэр хүндэд илүү их хор хохиролтой гэж тэд тооцдог. 1996-2000 оны хооронд Ардчилсан хүчнийхнийг хуучин ху нар буюу өнөөдрийн МАН-ынхан мөн ч тамласан даа.

Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүн бүрийг унагаж, заримыг бүр долоо, найман удаан буцааж кайф аваад сууж байдагсан. Н.Энхбаяр инээгээд л... Ингэж янаг­лан хорлохын хөнөөл мөн ч аймаар даа. "За одоо наадуул чинь сэхэхээргүй боллоо" хэмээн сонгууль эхлэхийн өмнөхөн Р.Амар­жаргалыг Ерөнхий сайдаар томилсон болоод сонгуульд орж явчихаж билээ.

Үр дүнд нь АН сонгуулиар үсгүй арчуулсан даа. Энэ технологио МАН одоо хэрэглэж эхэллээ. Тэгэхээр АН-ынхан асууд­лыг хурдан шийдэх хэрэгтэй. Намын бүлэг дотор байгаа МАН-ын гар хөл бологсдоо тоглоомоос гарга. Тийм хүмүүсдээ байх ёстой газрыг нь са­нуул.

 Б.Нямаа

Эх сурвалж: "Өдрийн сонин"