sonin.mn

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй цуврал арга хэмжээний хүрээнд “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй толилуулж байна.

Ирэх 6 дугаар сарын 9-ныг хүртэл гарах уг үзэсгэлэнд  Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлж байна.

Монгол нутагт хадгалагдан буй археологийн дурсгалуудыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж хадгалан хамгаалах, олон нийтийн хүртээл болгоход шинжлэх ухаан, соёлын олон байгууллага, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр шингэж байдаг юм. Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслөөр олон тооны дурсгал илрүүлжээ.

Судлаачид хадны зургаан оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харъяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширэн эдлэлийн музей зэрэг газруудад 3 жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсэний дараа эх нутагтаа авчирсанаар ийн олон нийтэд толилуулж буй юм.

Түүнчлэн МУИС-ын багш, доктор У.Эрдэнэбат, ШУАкадеми Археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин ахлагчтай судлаачдын 1997 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн нутаг Дугуй цахирын хадны оршуулгаас илрүүлсэн олдвор эрэгтэй хүүхдийн торгон дээл түүний хуулбар зэрэг үзмэрүүд уг үзэсгэлэнд тавигдаад байна.

Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумын хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг эндээс үзэж болохоос гадна нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжмийг үзэх ховорхон боломж тохиох юм. Уг хөгжмийн эх бие болон царыг зурж чимэглэснээс гадна эртний түрэгийн “руни” бичгийн бичээс буй нь хүн төрөлхтөний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтааж байгаа юм.

ХБНГУ-д сэргээн засварлагдсан археологийн эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэгэн хэлбэр “хадны оршуулга”-аас илэрч олдсоноороо өвөрмөц юм. Эдгээр нь Нийтийн тооллын VII зуунаас XIII  зууны үе буюу 700 -1400 онд хамаарч байна.