sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Нийтийн сонсголын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөхбаяр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачилга дэвшүүлсэн. Төрийн бодлого, шийдвэр судалгаанд суурилсан, хуулиа дээдэлсэн, иргэндээ үйлчлэхэд чиглэсэн байх ёстой. Монголын төр хариуцлага хүлээж чаддаг төр байх ёстой гэсэн чиглэлээр ухаалаг төрийн зарчмуудыг тодорхойлж, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, бусад төрийн байгууллагын түвшинд санаачилга гаргаад явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн бодлдогын чиглэлийн шинэтгэл хийхээр төлөвлөж, эхний ээлжийн хуулиудыг УИХ-д өргөн барьсан. Шилэн дансны тухай, Төрийн аж ахуйн үйлчилгээг хязгаарлах тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьж, үүний араас Хүний эрхийн тухай, Баялгийн сангийн тухай, Хариуцлагын тухай гээд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж байна. Төрийг хариуцлагатай болгож, иргэдийн санал, санаачлагыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, хууль зөрчсөн буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхэд парламентын хяналтын оролцоог сайжруулах, парламентын мэргэжлийн бүтцийг үүнд татаж оруулахтай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа” гэв.

Үүний дараа УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжид тулгуурлаж олон хуулийн төсөл болоьсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дотроос өнөөдөр Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хувилбарыг танилцуулах гэж байна. Аливаа хууль Үндсэн хуулиас улбаалж гардаг. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ардчилал, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг заасан. Гуравдугаар зүйлийн 1-д “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна”, 16 дугаар зүйлийн 16,17-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, түгээх эрхийг баталгаажуулсан байдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй хуульд ил тод, нээлттэй байдлын талаар заалт орсон байдаг. Гэхдээ ардчилсан нийгэмд зөвхөн төрийн ажил ил тод, нээлттэй байх нь хангалтгүй. Үүний зэрэгцээ хүртээмжтэй байх нь маш чухал байдаг. Иймээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны тухай хуулийн долдугаар зүйлд заалт оруулсан. Тэнд нээлттэй сонсгол хийх тухай зааж өгсөн. Гэвч иргэдэд хүртээмжтэй байх тал өрөөсгөл байж ирлээ. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг боловсрууллаа” гэлээ.

УИХ-ын түвшинд өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын асуудлаар, Хан-Уул дүүргийн ИТХ-аас нэхмэлийн шар байруудыг нурааж, дахин төлөвлөх зэрэг сэдвээр хэд хэдэн удаа нээлттэй сонсгол хийж байжээ. Гэвч нээлттэй сонсгол хийдэг ажил тогтмол болоогүй, хууль, эрх зүйн орчин нь хангалтгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг хийсэн байна.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд нийтийн сонсголыг явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүйшаардлагатай гэж үзэж Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Нийтийн сонсголыг хууль тогтоогчийн сонсгол, захиргааны сонсгол, хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол гэсэн дөрвөн төрлөөр явуулахаар тус хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал,

УИХ нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой, нийтийн эрх ашигт шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлаар хууль, бусад шийдвэрийг шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлтийг оруулахад  хууль тогтоогчийн сонсголыг зайлшгүй явуулахаар,

УИХ-аас бусад захиргааны хэм хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргах, хот төлөвлөлт, бүсчлэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дахин төлөвлөлт хийх, төлөвлөгөөг батлах, орон нутгийн татвар зэрэг асуудлаар шийдвэрийг гаргахдаа захиргааны сонсголыг зайлшгүй явуулахаар,

УИХ нь хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын удирдах албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнд, нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын удирдах албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнд хяналт зорилгоор хяналтын сонсголыг явуулахаар,

УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага нь албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, хариуцлага тооцох үндэслэл бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах сонсголыг явуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн хуулийн төсөлд нийтийн сонсголыг зохион байгуулах журам болон бусад асуудлуудыг зохицуулахаар тусгаад байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд оруулах санал бодол, байр сууриа илэрхийлж, зарим асуултаар ажлын хэсгийнхнээс хариулт авлаа.

Хууль санаачлагчийн зүгээс Нийтийн сонсголын тухай хууль батлагдснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж,төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх, хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирах, тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгоно гэж үзэж байна.