sonin.mn

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд МАН-ын хорооноос “Шаардах бичиг” ирүүлсэн байна. Тус шаардах бичигт Сумын ИТХ-ын  бүрэн эрхэд халдсан, ОНХС-ийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, аливаа төсөл тендерийг хэт улс төржүүлж, иргэд, хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхаж байна.

Гар аргаар алт олборлогчдын хөдөлмөр эрхлэлтийг зогсоосон нь 1000 гаруй хүн, түүний гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөллөө. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийн үр дүн харагдахгүй байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авна уу. Орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх  талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаа нь төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн утга бүхий зургаан асуудлыг онцолсон байна.  Аймгийн Засаг дарга дээрх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж, цаг үеийн бусад асуудлаар орон нутгийн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Аймгийн Засаг даргын орон нутгийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийг багцлан хүргэж байна.

“Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг сумдын ИТХ-аас хүссэн

  Аймгийн Засаг даргын зүгээс сумын ИТХ-ын бүрэн эрхэд халдсан зүйл байхгүй. “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж сумынхаа Орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Ингэхдээ  төсвийн хуулийн дагуу иргэдээрээ хэлэлцүүлж төсөв, төлөвлөгөөндөө тусгаж ажиллана уу гэсэн хүсэлт явуулсан гэж байна. Түүнчлэн өмнө нь төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдээр шийдвэрлэчихдэг байсныг зогсоосон. Нэг үгээр хэлбэл нэгэнт зарлагадчихсан зүйлээ батлуулах гэж аймгийн хурлаар оруулж ирдэг байсан. Харин одоо аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болсон гэдгийг Засаг дарга онцлон тэмдэглэлээ.  4-р сар-ын 25-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар төсөвт тодотгол хийх юм байна.

Жижиг дунд үйлдвэрийн сонгон шалгаруулалтад нөлөөлөхгүй гэсэндээ эрхээ шилжүүлсэн

  Төрийн худалдан авах үйл ажиллагаа 2013 онд ил тод байж чадсан. Өмнөх засгийн үед хувиарладаг, эсвэл хэдхэн компани л тендер авдаг байсан бол 2013 онд худалдан авах ажиллагааны алба бие дааж, хараат бусаар ажилласан. Аймгийн Засаг даргын хувьд гэрээнд гарын үсэг зурах,  хориг тавьж л болдог. Харин төр худалдаж авах болохоор үнэ нэмэгдчихдэг жишээ захаас аван байна. Бүтээн байгуулалтын ажлууд харьцангуй чанартай, тендер авч байгаа байгууллагууд хариуцлагажиж эхэлж байна гэдгийг Засаг дарга хэвлэлийн хурлын үеэр онцлон хэлэв.

  Жижиг дунд үйлдвэрийн зээлийн сонгон шалгаруулалтын тухайд миний оролцоо байдаггүй. Тухайн комисст ажиллаж буй хүмүүс аймгийн Засаг дарга гэж миний үгийг дагах вий, бодит шийдвэр гаргаж чадахгүй байх вий гэж болгоомжилсондоо би эрхээ шилжүүлсэн шалтгаанаа Засаг дарга тайлбарлалаа. Түүнчлэн өнгөрсөн жилийн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна. Сонгон шалгаруулалттай холбоотой гомдол нэг ч гараагүй. Зээл сонгон шалгаруулах комиссыг томилохдоо өмнө нь иргэдийн төлөөлөл нэг, бусад төрийн албан хаагчид байдаг байсан бол үүнийг өөрчилж миний гаргасан захирамжаар төрийн албан хаагч 4, бусад иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байдаг болсон. Өмнөх засгийн үед танил тал, ах дүүдээ хувааж өгсөн 4.5 тэрбум төгрөгийн зээл хэрэгжилт дөнгөж 28 хувьтай байгаа бол өнгөрсөн жил олгосон жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байгааг ч онцолсон юм. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн сонгон, шалгаруулалт болоод хэрэгжилтийн талаарх мэдээлийн Хөдөлмөрийн хэлтэсийн цахим хаяг болон биечлэн очиж авах боломжтой юм байна.

Монгол улсын Засгийн газраас “Орон нутагт ажлын байр бий болгох” туршилтын төсөл хэрэгжүүлж 4 аймагт 100 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлсний нэг Увс аймаг. Бид хэлэлцээд ажлын байр бий болгож байгаа 3 төсөлд олгосон. “Бат шаглаа” оёдлын үйлдвэрт 40 сая, “Зэл говь” үйлдвэрт 40 сая, “Энержи плов” констракшнд 20 сая төгрөгийг тус тус олгосон. Үр дүн маш сайн байгаа. Таван ажилтантай байсан “Бат шаглаа” компани 25 болж нэмэгдсэний 15 нь Улаангом коллеж төгссөн хүүхдүүд ажиллаж байна. “Зэл говь” модны үйлдвэр оруулж ирсэн ажиллаж байгаа бол “Энержи плов” бетон зуурмагийн үйлдвэрээ удахгүй нээх гэж байгаа талаар мэдээллээ.

Гар аргаар алт олборлохыг зогсоосныг сумынхан нь зөв шийдвэр гэж үзэж байгаа

  МАН-аас ирсэн шаардах бичигт гар аргаар алт олборлохыг зогсоосон нь 1000 гаруй хүний амьдрал ахуйг эрсдэлд орууллаа. Тэднийг бичил уурхайн журмаар хөдөлмөрлөх орчныг бүрдүүлнэ үү хэмээн хүсчээ. Энэ асуудлын тухайд гар аргаар алт олборлохыг зогсоосон шийдвэртээ бат зогсоно. Хэрвээ бид улс төрийн замналаа бодож өөртөө дайсан бэлтгэхгүй гэж бодсон бол тэднийг дураар нь явуулах байсан. Харин орон нутгийн эрх ашиг, иргэдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө энэ шийдвэрийг гаргасан. Алт ухна гэдэг бол гэрт нь хариулдаггүй, гэдсийг өлсгөдөггүй л зүйл. Зөвхөн банкинд дахь иргэдийн хадгаламжийг аваад үзэхэд нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй харин зээл нь 2.8 тэрбум байна. Гэтэл алт ухдаггүй Хяргас сумын иргэдийн хадгаламж 2.8 тэрбум, зээл нь 1.4 тэрбум орчим байна. Хэрвээ алт ухаснаараа болдог бол Өмнөговь сум өдийд иргэдийн амьжиргаа сайн байх байлаа. Өмнөговь сумын Засаг дарга үнэхээр зөв шийдвэр болжээ хэмээн баярлаж байна лээ. Үнэндээ алт олборлож байгаа 200 гаруйхан хүн байсан. Ядарсан иргэнийг газрын гүн рүү оруулж, гаргаж ирсэн алтыг нь дамлаж зардаг, өргөн хэрэглээний барааг үнэ хүргэж зардаг хүмүүс л илүү турхирч байгаа нь харагдсан.

Өрсөлдөх чадвараараа Увс аймаг уул уурхай хөгжсөн 9 аймгийн дараа орсон

  Төсөл хөтөлбөр шударга бус байна гэж байна. Өмнө нь юу хийж байснаа санах хэрэгтэйг МАН-ын даргад Засаг дарга санууллаа. Тэрээр хийсэн мэдээлэлдээ газар тариаланг дэмжих 500 сая төгрөгийн зээл ирсэн. Түүнийг 200, 200 саяар нь Сүхээлэй, Батсайхан дарга хоёр хувааж аваад үлдсэн 100 саяыг нь Баруунтурууны тариаланчдад жижиглэж тараасан. Төрийн алба мөнхийн биш гэдгийг би мэднээ. Тийм учраас зөв ажиллах ёстойгоо  мэддэг. Ард иргэдийн амьдрал муу байна, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гэж байна. Зах зээлийг бид хянаж чадахгүй. Харин стратегийн гол бараа бүтээгдэхүүндээ хяналт тавих хяналтаа алдаагүй байна. Бензины үнэ 80 төгрөгөөр буулгасан. 20 төгрөгөөр эргээд нэмэгдсэн. Бид энэ талаар орон нутгийн бизнесүүдтэйгээ ярилцаж байгаа. Махны үнийг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ өсвөл арга хэмжээ авахад бэлэн байгаа. Түүнээс гадна амьдралын чанар гэж зүйл бий. Саяхан орон сууц санхүүжилтийн корпорациас хийсэн судалгаагаар манай аймаг худалдан авах чадвараараа Улаанбаатар, Эрдэнэтийн дараа гуравт орсон байна. Харин өрсөлдөх чадварын судалгаагаар 10 орсон. Эхний ес нь уул уурхай хөгжсөн аймгууд. Нийгмийн даатгал нөхөн тооцох хуулийг маш сайн хэрэгжүүлж 16 мянган иргэнээ хамруулсан. Үүний үр дүнд Увс аймагт 12 тэрбум төгрөг иргэдийн гар дээр очиж байгаа мэдээлэл байна. Түүнчлэн иргэдийн нийт хадгаламж аймгийн хэмжээнд 18 тэрбум төгрөгөөр өссөн. Эндээс би улсын төсөв бүрдүүлэхтэй холбоотой төсвийн хямрал байхаас иргэдийн амьдралын чанар тэгтлээ доройтойгүй гэж дүгнэж байгаа.

Том төрөөс ухаалаг төр рүү бодлогыг хэрэгжүүлж ажиллана

  Сүүлийн үед аймгийн Засаг даргыг буруутгаж байгаа нэг зүйл бол төрийн албан хаагчдыг олноор нь халж байна гэсэн асуудал. Энэ асуудалд аймгийн Засаг дарга хариулахдаа: “Бид том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлж ажиллана. Данхар төрийг цомхон болгоно. 2011, 2012, 2013  онуудад сумын ЗДТГ-т бий болсон Хууль зүй, дотоод хэргийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтнуудын ажлыг байрыг цомхотгосон. Нэгэнт хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажил.. Нэг хүн цалин аваад суух шаардлагагүй гэж үзэж байгаа. Цаашдаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боложмтой ажлын байруудыг бүгдийг цомхотгоно. Нөгөө талаар төрийн албанаас улс төржүүлж хүн халсан зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүнийг улс төрийн албан тушаалтан гээд шууд халах боломжтой байсан. Гэхдээ бидэнд тэр хүний ажлын туршлага хэрэгтэй учраас ажиллуулж л байна. Миний багт МАН-ын гишүүн байгаад татгалзсан хоёр залуу хэлтсийн даргаар ажиллаж байна. Хэрвээ алаг үзэж, намаар ялгаварлаж байсан бол халах л байсан байх.

Аймгийн Засаг дарга сар бүр иргэдтэй уулзана

  Аймгийн Засаг дарга ажлаа хүлээж авснаас хойш иргэдийнхээ санаа бодлыг сонсож, ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг зорьсон. Энэ зорилтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал аймгийн удирдлагууд оны эхэнд 40 багт хүрч, иргэдтэй уулзан санал бодлыг сонссон. Энэ ажил үргэлжлэн явагдана.  Мөн ирэх долоо хоногоос эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагийн 10:00-12:00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар Иргэний танхимд ажиллаж 7045-222 нээлттэй утас, 7045-222.mn цахим хаягаар ирж байгаа иргэдийн санал, хүсэлтийг биечлэн хүлээн авч, хариулт өгөхөөр боллоо. Түүнчлэн аймгийн Засаг дарга сар бүр “Ойрад” театрт ард иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.