sonin.mn

Хөшигний цаана улстөрд юу болж байна вэ. О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайдыг огцруулах үйл ажиллагааны цаана Ардчилсан намын маш том зөрчил нуугдаж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг тарааж, хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орох” гэсэн шуналтай, хууль цагдаагийн байгууллагын шинэчлэлд дур­гүйцсэн хэсгийн санаа яв цав нийлж, салбар удирдсан сайддаа зохиомол хэрэг үүсгэн УИХ-д өргөн барих хүртэл өндөр авчээ. Үүнд сөрөг хүчин МАН нэгдэж таарна. Шударга бус эвсэл хэмээгдэгч бас үүргээ биелүүлж АН-ын сайдыг нь өргөн барьж өгчээ.

Салбарынхаа сайдыг таг­насан хэрэгт унахгүйн тулд цагдаагийнхан хар тамхины наймааг мөрдөж байтал сайдтай холбоотой мэдээлэл орж ирсэн хэ­мээх үлгэр зохиожээ.

Эд хөрөнгө, тендер, авлига хээл хахуулийн хэрэгтэй холбох ямарч боломжгүй хүнийг сайд болгосон нь шинэчлэлийг эсэргүүцэгчдэд шалтаг олдохгүйн зовлон болж байсан ч тэд хар тамхитай холбох мэргэн санаа олжээ. Хууль зүйн сайдад өдөр бүр хэдэн арван утасны дуудлага ирдэг.

Бүгд л ямар нэгэн байд­лаар хэрэг төвөгт хол­богдсон хүмүүс ярих гэж оролддог. Энэ дундаас хэн нэгнийг нь онцлон зохиомол хэрэг үүсгэснээ УИХ-д өргөн барьж байгаа гэнэ. Гэхдээ хар там­хины хэрэгт холбогдуулж буруутгана гэдэг нь үнэндээ инээдтэйгээр барахгүй дэндүү арга ядсан хэрэг.

Үүнээс ч харамсалтай нь энэ улсад хууль дүрэм огт байхгүй мэт Хууль зүйн сайддаа зохиомол хэрэг үүсгэж чадаж байгаа нь Монголын төрийн эмгэнэл юм даа. МАН эрх барьж байхад арай ч ийм дээрээ тулж байгаагүй шүү дээ.

Цагдаагийн байгуул­лагын бүх мэдээллийг гар­таа төвлөрүүлж улстөр эдийн засгийн томчуудыг айлгах зэвсэгтэй байх со­нир­холтой, өдийг хүртэл хуульгүйгээр үйл ажиллагаа явуулж, нийгмийн хам­гийн хөрөнгөлөг хэсэг болсон цагдаа хуулийн байгуул­лагын томчууд хууль зүйн салбарт шинэчлэл хийхийг улайран эсэргүүцэж байгаа бөгөөд үүндээ Ардчилсан намд мөнхөд байж ирсэн албан тушаалын төлөөх “хорт хавдрыг нь” ашиглаж байна.

Энэ намд эрх мэдлийн тө­лөө хэнтэй ч эвсэхэд бэлэн дотоо­дын хорлогчингууд байнга байсан бөгөөд өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхийн тулд дүрэмгүй тоглодогоороо алдартай. Ардчилсан нам Засгийн газраа өөрсдөө унагадгаараа ч алдартай.

Ардчилсан намын доторх энэ хэсэг бүлэг хүн нийгмийн тэргүүлэх хэсэгт байдаг ардчилсан үзэл санаанд тулгуурлан сонгогчдын дэмж­лэгтэйгээр удаа дараа засгийн эрх авсан ч өөрсдийн увайгүй, төлөвшөөгүй үйлдлээрээ нийгэмд хор хүргэж байснаас биш сонгогчдынхоо итгэлийг гүйцэлдүүлж хөгжил дэвшил авч ирж байсан удаагүй юм.

Энэ удаа засгаа нураагчдыг танхим дотроосоо удирдаж байгаа бөгөөд хорт хавдрын үүргээ ардчилсан намаас Цагдаагийн байгууллагад томилогдсон дарга нар нь амжилттай биелүүлж байна.

Шинэчлэл хийхээр завдсан салбарынхаа сайдыг хусахын тулд дараагийн ээлжийн хоолонд горилогсдын шуналыг ашиглан санасандаа хүрэхийг чармайж байна. Ардчилсан нам доторхи хэсэг бүлэг хүний санаснаар Х.Тэмүүжингээр эхлүүлсэн ши­нэчлэлийн Засгийн газар нурах нь уу гэдэг нь ирэх долоо хоногт харагдана.

Хар тамхи, ёс зүйн зохиомол хэрэгт буруутгагдан Хууль зүйн сайд нь огцорвол энэ Ардчилсан нам хэмээх төрөөр тоглогч хорлогчингийн рейтинг навс буурна. Эрхийг нь өгөөд байхад олигтойхон засаглаж чадахгүй өөр хоорондоо тулалдахдаа төр ашигладаг нөхдөд дахин итгэх хэрэг байна уу гэдэг асуулт үлдэж байна.

Р.Төгсмаа

Эх сурвалж: