sonin.mn

 Хүсэл гээч хязгааргүй. Юуг ч хүсч, мөрөөдөж болно. Гэхдээ хэтэрхий хүсч тачаадахаар маш тэнэг, гажигдуу  дүр төрхийн эзэн болдог аж. Эсвэл бүр хэнд ч хэрэггүй инээдэмтэй “амьтан” болж хувирах нь бий.

Нийгэм, улс төр хийгээд хүн, амьтан аливаад энэхүү “хууль” ижил тэгшээр үйлчилдэг бололтой.

Монгол ардын нам гэж бий. 2012 оны сонгуулиас хойш УИХ-д цөөнх болж, сөрөг хүчин гэх улс төрийн “булан”-д сууж байгаа.

УИХ-ын чуулганы анхны хуралдаанаас эхлээд л бүдэрч, хурал хаяж гарч гүйснээр гишүүд нь байнгын хороодод ч олигтой харьяалагдаж чадалгүй өнөөг хүрч байгаа. Мордохын хазгай гэж монголчууд ярьдаг билээ.

Үндсэндээ сөрөөд зогсох тэнхээгүй энэ сөрөг хүчин буландаа шахуулж, нам нь түүхэндээ анх удаа доройтлын жинхэнэ хэлбэрт ороод буй.

МАН ганцхан загварт байх дуртай. Тэр нь эрх барих. Эрх барина гэдэг тэдний хувьд мөнгө. Мөнгө бол намынх нь ч, гишүүдийнх нь ч туйлын зорилго. Тэд мөнгөгүй байж үзээгүй. Үзсэн хоёр жил шахмынхаа хугацаанд галзуурах шахаж байгаа.

Тиймээс яаж ийгээд мөнгөтэй болох тал дээр хэдэн сарын өмнө намынхаа удирдлагыг авсан Хотын фракцынхан буюу М.Энхболд  нар санал нэгджээ. Тэдний төсөөллөөр мөнгөнд хүрэх ганц зам бол Засгийн газарт орох. Тэгж гэмээнэ тендер, төслөөс хэдэн төгрөг босгож сэтгэлээ амраах ажээ.

Наанаа улс төр хэмээн хийрхэвч үндсэн санаа хийгээд зорилго нь ердөө л энэ. Бас 2016 оны сонгуультай золгохдоо эрх мэдэл, мөнгөтэй байх нь МАН-ынханд чухал. Тэд зөвхөн  эрх баригчийн байр сууринаас л улс төр хийж сурсан улс.

Сүүлийн хэд хоногт Монголд өрнөөд байгаа улс төрийн үйл явц МАН-ын дээрх хүсэл сонирхлыг улам бүр тодруулж өгч байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Давхар дээл”-ийг зэвсгээ болгон ашиглах гайхамшигтай санаа МАН-ын дарга нарын хэн нэгнээс гарсан бололтой юм.

Яг үнэндээ өнөөдрийн “давхар дээл”-ийн автор нь МАН өөрөө. 2000 онд доо, УИХ-д 72 гишүүнтэй болсон МАН /хуучны МАХН/ Үндсэн хуульд  “Долоон муу засвар” хийж байж, өөрсөддөө 12 жил давхар дээл өмсөх эрх олгож байв. Тэд өнгөрсөн хугацаанд түүндээ дулаахан суугаад дасчихсан болохоор  өнөөдөр дан ч үгүй, давхар ч үгүй даарч суугаа эрх мэдлээ эргүүлэн олж авахын тулд эрээ цээр, ёс зүйг уландаа гишгэж, улайрч буй ажээ.

Одоогийн Засгийн газрын 19 сайдын 16 нь “давхар дээл”-тэй. Бараг дал, наян хувь нь ийм нээнтэгтэй болж таарч байгаа юм. Энэ бол МАН-д боломж гэсэн үг хэмээн тэд тодорхойлжээ. Үүгээр зогсохгүй “МАН-ын нууц төлөвлөгөө” гээчийг боловсруулсан байна. Энэ нь:

-Хаврын синдромыг эхлүүлэх буюу “Давхар дээлээ тайл” лоозонтой жагсаал

-Махны үнийн өсөлтийг ашиглах

Жижиг намуудыг турхирах... гэх мэт заалтуудтай гэнэ.

Нууц төлөвлөгөө ёсоороо “давхар дээл”-ээр далимдуулж хаврын синдром эхлүүлэх жагсаалыг хийв. Генсек, нарийн бичгийн дарга нар нь “найруулсан” бололтой юм. Сумын улаан булангийн соёлын довтолгоо, дүрийн тоглолт маягийн юм болов. Генсек Ж.Мөнхбатынхаа зохиолоор хийсэн “Долоон бурхан од харвадаггүй” киноны жүжигчдийн өмсдөг дээлийг жагсаалын “жүжигчид”-дээ өмсгөсөн харагдана лээ. Монгол хүн дээлийг жавхайтал бүсэлж өмсдөг. Харин МАН-ын дарга нар жагсагчдынхаа дээлийг огт өөрөөр өмсгөсөн байв. Тодруулж хэлбэл, жагсаалын тайзан дээрх бүсгүй нөмгөн дээлтнүүд эгээ л өмнө зүгийнхэн шиг харагдав. Монголчууд бид тийм дээлтнүүдийг хужаа нар гэдэг. Монгол дээлийг ч хятад мэт өмсч болдог ажээ.

 Бас МАН-ын үүр болгон зургаан гишүүнээ жагсаалд оролцуулж намын туг, сайд нарын баг, лоозон, шүгэл мэтээр хангасан гэж байгаа. Тэрнээс биш, ард түмэн тэрхүү жагсаалд оролцсон гэвэл худлаа биз. Ард түмэн Ардын намын тугийг, шүгэлтэй хамт авдрандаа хадгалж байхгүй нь лавтай.

Үүнээс гадна энэ жагсаалд иргэний хөдөлгөөний зарим төлөөлөл, жижиг намууд оролцов. Тэднийг иймэрхүү юманд ашиглана гэдгээ М.Энхболд нар аль хэдийнээс төлөвлөөд байсан юм. Хотын фракц МАН-ын удирдлагыг авангуут дарга болсон М.Энхболд Улаанбаатар зочид буудалд жижиг намын дарга нарыг урьж уулзалдаж байв. Юу билээ дээ, нэг тийм гоё нэртэй уулзалт зохиож байлаа. Дараахан нь генсек Ж.Мөнхбат нь мөн л жижиг намуудын генсекүүдийг хүлээж авч, сүрхий найзархаж байсан. Ингэтлээ саймширсны зорилго ердөө л энэ. Хэрэв МАН эрх барьж байсан бол хөөрхий жижиг намынханд М.Энхболдтой нэг чигийн юм яриад суух нь битгий хэл түр зуур хэдэн үг солих боломж ч олдохгүй дээ. Энэ бол үнэн үг.

Нөгөөтэйгүүр УИХ дахь МАН-ын 20 гишүүн, дээрээс нь АН-ын гомдол цөхрөлтэй байгаа нөхөд нийлэн Төрийн ордон дахь “давхар дээл”-ийн эсрэг тэмцлээ хийж байгаа.

АН-ын олон фракц бүлэглэлтэй. Түүнээс гадна 1990-ээд онд өлсч, жагсаж явсан олон партизан, тэмцэгчид гудамжинд явна. АН-ын энэ байдал МАН-ынханд бас л боломж болон харагдаж байгаа аж. Улс төрийн хүрээнийхний хэллэгээр АН-ын “хоолонд орох” гэсэн хоёрдугаар ээлжнийхэнтэй МАН-ынхан нийлэлдсэн гэх.

Засаг унах юмуу, аль эсвэл хэн нэгэн, хэд хэдэн сайд нь засгаас гарвал МАН, АН-ынхан ашиг сонирхол, хүсэл мөрөөдөл нэгтнүүдэд адилхан  боломж гарна гэсэн үг.

Түүнчлэн яг одоо УИХ-д суучихаад “давхар дээл”-тэй тэмцэж байгаа МАН-ын 20 гишүүний 11 нь ийм дээлтэй байсан байх юм. Намын дарга М.Энхболд нь Шадар сайд, Су.Батболд ХЗДХ-ийн сайд, Сү.Батболд Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд, Д.Хаянхярваа сангийн сайд, Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга, Ц.Дашдорж БХБ-ын сайд, Ж.Энхбаяр БХ-ын сайд, Д.Дэмбэрэл НХХ-ийн сайд байсан л юм даа.

Ер нь бол “давхар дээл”-ийг тайлахгүй гэж хэн ч хэлээгүй, гүрийгээгүй. Бай болоод байгаа 17 сайд ч тийм байр суурь хэлээгүй байна. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль санаачлахдаа 2016 оноос үйлчлэх хугацаатай... гэсэн байгаа. Гэтэл МАН үүнийг далимдуулан нөгөөх эрх мэдэл, мөнгөнийхөө төлөөх тэмцлээ хийсээр...

Яг үнэндээ тэд Монголын ард түмэнд хайртай болчихоод, иргэдийнхээ амьдрал ахуй, Монголынхоо бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлд сэтгэл зовсондоо ингэж тэмцээд байгаа хэрэг биш.  Ерөөсөө л дараагийн МАНАН-гаа байгуулах МАН-ын чин хүсэл юм.

Харин монголчууд МАНАН-г арилгахын тулд 2012 онд  сонголтоо хийсэн юм шүү гэдгийг мартаж болохгүй биз ээ.