sonin.mn

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.04.14/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочноо Чингисийн талбайд угтан мэндчиллээ



Мьянмарын парламентын даргад цэцгийн баглаа барин хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичин, гарын үсэг зурсан юм.



Улсын Их Хурлын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ



Мьянмарын парламентын дарга Тура У Швэ Манн Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичлээ

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн Улсын Их Хурлын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзана. Мөн эрхэм зочин Сонгуулийн ерөнхий хороонд зочлон тус хорооны даргатай уулзахаас гадна Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй, санал хураалтын автоматжуулсан системийг ашиглаж байгаа туршлагатай танилцах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.