sonin.mn

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Далайн олон улсын байгууллага (ДОУБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кожи Секимүзүд 4 дүгээр сарын 11-нд Итгэмжлэх захидлаа барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Энэ үеэр Элчин сайд далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, далайн тээврийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрш орнуудтай хийж буй транзит тээврийн асуудлаархи яриа хэлэлцээний явц, хөлөг онгоцны бүртгэлийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэргийг танилцуулж, эл салбарт гарсан ололт, тулгарч буй бэрхшээлийн талаар дурдан, далайн тээврийн чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд Далайн олон улсын байгууллагаас хийх аудитын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ДОУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кожи Секимүзү Монгол Улсаас ДОУБ-ын дэргэд суух анхны Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон Элчин сайдад баяр хүргэж,  эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Монгол Улсын хувьд ДОУБ-ын дэргэд Байнгын төлөөлөгчөө томилсон нь цаг үеэ олсон чухал шийдвэр болохыг тэмдэглэж, Монгол Улс ДОУБ-ын хамтын ажилагааг хөгжүүлэх, далайн тээврийн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авахаа илэрхийллээ.