sonin.mn

Муу л бол хойт талын хар овоохой гэдэг шиг нийгэмд үүссэн асуудал болгоны ард төрийн эрх баригчид болохгүй байна, бүтэхгүй байна гэсэн шошго байнга хадаастай байдаг нь хэвийн үзэгдэл болсон гэхэд дэгсдэхгүй. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддаг гэдэгчлэн сөрөг хүчний тоглолт нь хэрээс хэтэрч ард түмнээс авах гэсэн оноогоо алдчихлаа.

Харин ч (-) оноо өөрсөддөө авсныг харвал тоглоом нь шоглоом болж, доз нь хэтэрсэн шоуныхаа хариуд чамгүй банга хүртсэн гэдгийг эх сурвалжууд ний нуугүй хэлж буй. Хийсэн бүхнийг нь үгүйсгэж, хэлсэн болгоныг нь мушгин гуйвуулсан ч ард түмэн үнэн мөнийг ялгадаг гэдгийг ах намынхан умартсан бололтой.

МАН-ыг олонхи болж төрийн эрхийг атгаж байх үед шүүмжлэл тэр бүр гардаггүй байсан нь ямар учиртай болохыг даанч гадарлаж байгаа байлгүй дээ. Товч бөгөөд тодорхой хэлбэл хийсэн юмтай, хийж байгаа хүмүүс л олны амны бай болдог шүү дээ. Үүнийг судалгааны мэргэжлийн байгууллага болох “New Era” төвийн судалгаа ч батлаад өглөө.

Тус байгууллага 2014 оны эхний улирлын нийгэм, эдийн засаг, улстөрийн судалгааг хийж, Улаанбаатар хот болон найман аймгийн нийт 2200 иргэдийг шууд санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн үнэн бодит мэдээлэл авах боломжийг ханган ажилласан байна.

Судалгааны ажлын зорилго нь нийгэм, эдийн засаг, улстөрийн тулгамдсан асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг тандах, улстөрийн нам болон улстөрчдийн рейтингийг тогтооход чиглэгдсэн бөгөөд судалгааны дүнг өөрийн байгууллагаас өмнө хийгдсэн судалгааны дүнгүүд болон Стратеги академи, Сант маралсан, MPO  зэрэг судалгааны мэргэжлийн байгууллагын гаргасан дүнтэй харьцуулан зарим шинжилгээ, дүгнэлтийг хийжээ.

Судалгаанд оролцогчдоос одоогийн Засгийн газрын хамгийн том алдаа болон хамгийн сайн амжилтыг нь нэрлүүлэхэд нийт судалгаанд оролцогчдын 21.5 хувь нь аймгуудыг холбосон зам болон нийслэлд хэрэгжүүлсэн гудамж төслийг хамгийн том, иргэдэд хүрсэн амжилттай хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн иргэний бүртгэлийн шинэчлэл, ТҮЦ машин зэрэг арга хэмжээ нь иргэдэд үр дүнгээ өгсөн гэж үзсэн. Мөн олон нийт иргэдэд үйлчилдэг цагдаагийн байгууллагын шинэчлэл, хотын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, оношлогооны төвүүдийг амжилттай, иргэнд хүрсэн ажил болсон гэж багагүй хувь нь үзсэн байна.

Дүгнэж үзвэл энэ Засгийн газар нь иргэд, олон нийтрүү чиглэсэн ажлуудад түлхүү амжилт олж байгаа нь харагдаж байна. Харин энэ Засгийн газрын хамгийн том алдаагаар валютын ханшын өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэж тус тус үзсэн бөгөөд Засгийн газрын хамгийн том алдааг олон нийт үнийн өсөлт, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж байна.

Энэ алдаа гэж үзэж байгаа хүчин зүйлс нь нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай шууд хамааралтай байгаа нь ажиглагдаж байгаа ч дурьджээ.

Харьцуулалтын аргаар 2000 оноос хойш ажилласан Засгийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтийн санаа бодлыг тандахад одоогийн ажиллаж байгаа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар(25.5 хувь), С.Баярын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар (21,2хувь) зэргийг олон нийт хамгийн сайн ажиллаж байгаа болон ажилласан гэж үзсэн байна.

Харин эсрэгээр хамгийн үр дүн багатай  ажилласнаар М.Энхболдын тэргүүлсэн Их эвслийн Засгийн газар(8.6 хувь), Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар (13.2 хувь) гэж тус тус үзсэн байна.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг бусад 5 засгийн газраас сайн гэж үзсэн шалтгаан нь иргэдэд нээлттэй, үйлажиллагаа ил тод, иргэд, олон түмэнд чиглэсэн бүтээлч, ажил хэрэгч байдал зэрэг юм. Эдгээр нөхцөл нь өмнөх засгуудаас өндөр үнэлгээ авах боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Харин С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар нь Оюутолгойн гэрээ, улсын бүртгэлийн шинэчлэл, атарын аян зэргийг нэрлэсэн бол Н.Энхбаярын тэргүүлсэн засгийн газар болон Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн засгийн газар тухайн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулсан, лидер дагасан хүчтэй байр суурьтай ажиллаж байсныг судалгаанд оролцогчид дурьдсан.
 
М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг тодорхой бүтээлч ажил хийгээгүй, олон нам, улстөрчдийг амбиц, нам, бүлэглэлүүдэд үйлчилсэн, чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан. Харин Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар нь ил тод бус, лидергүй ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй гэж дүгнэжээ.

Харин Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг олон нийт шилдэг улс төрч буюу хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэж нэрлэсний учир нь долоо хоног бүр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, олон ажлыг санаачилж, нээлттэй ажиллаж байгаагийнх аж. Эцэст нь хэлэхэд хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хийж байгаа хүмүүс л олны амны бай болдог шүү дээ