sonin.mn

    Иргэн таны Монгол Улсын Үндсэн хуульд заасан дараах эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисст гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Үүнд: Амьд явах эрх, Хөдөлмөрлөх эрх, Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Өмчлөх эрх, Өв залгамжлуулах эрх, Оюуны өмчийн эрх, Чөлөөтэй зорчих эрх, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, Сурч боловсрох эрх, Жендерийн тэгш эрх, Төрийг удирдах хэрэгт оролцох эрх, Тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх, Халдашгүй чөлөөтэй байх эрх, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, Сонгох, сонгогдох эрх, Шашин шүтэх, эс шүтэх эрх, Эд мөнгөний тусламж авах эрх, Түр буюу байнга оршин суух газраа сонгох эрх, Шударга шүүхээр шүүлгэх эрх, Хууль зүйн туслалцаа авах эрх, Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, Мэдээлэл хайх, хүлээн авах эрх, Хувийн аж ахуй эрхлэх эрх, Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх, Эрүү шүүлтээс ангид байх эрх зэрэг болно.

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай иргэний гомдолд дараах шаардлага тавигддаг. Үүнд: Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн байх /өөрөөр хэлбэл тухай хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдийн харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гарган шийдвэрлүүлсэн байх/, дээр дурдсан ямар эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай тусгах, гомдол гаргагч  өөрийн нэр, утас, оршин суугаа газрын хаягаа бичиж,  гарын үсгээ зурсан байх, гомдолд холбогдож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргасан байх зэрэг болно. Комисс нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаархи гомдлыг хүлээн авахгүй хуультай.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар Комиссын гишүүн нь хяналт шалгалт явуулан, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулах бөгөөд хүний эрх зөрчигдөж болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор зөвлөмж гаргадаг. Мөн Комиссын гишүүн нь дараах арга хэмжээг авч болно. Үүнд: Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн  хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас шаардах;талуудыг эвлэрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх;гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах.зэрэг болно.

Хэрэв хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээд нь ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулинд заасан хариуцлага хүлээдэг.

МЭРГЭЖИЛТЭН Я.ХОНГОРЗУЛ