sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын сайдын албыг УИХ-ын гишүүд давхардуулан хашихгүй байх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх санал хураалтанд сайд гишүүд өөрсдөө оролцох эсэх явдал сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд иргэдийн анхаарлыг татаж байгаа гол асуудал болоод байна.

Нийгэм, улс төрийн цаг үеийн энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах асуудлаар иргэд ямар байр суурь, санал бодолтой байгааг тодруулах зорилгоор Стратеги Академиас 4-р сарын 10-наас 14-ний хооронд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл гэсэн аймгийн нийт 9837 иргэдээс экспресс судалгаа авлаа.

Судалгааг санамсаргүй түүврийн аргаар явуулж, мэдээллийг нэгтгэн боловсруулж олон түмэнд танилцуулж байна. Судалгаанд оролцогчдын 53,7% нь эмэгтэй, 46,7% нь эрэгтэй, насны хувьд 65,8% нь 18-35 хүртэл насны залуучууд, 29,4% нь 36-60 насныхан, 4,8% нь ахмад үеийн төлөөлөл тус тус хамрагдсан нь судалгааны түүврийн төлөөлөх чадварыг хангалттай гэж үнэлэх баталгаа болно.

Энэ удаагийн экспресс судалгааны асуулга нь УИХ-ын сайд гишүүдийн давхар дээлийг тайлах нь зөв эсэх; УИХ-ын сайд гишүүд өөрсдөө чуулганы санал хураалтанд орох нь зөв эсэх; УИХ-ын сайд гишүүд давхар дээлээ тайлалгүй үлдвэл өөрсдийнх нь нэр хүндэд нь гарах өөрчлөлт; өнөөгийн улс төрийн намуудын рейтингэд хэрхэн нөлөөлж буй байдал гэсэн үндсэн 4 асуултыг тодруулахад чиглэгдэв.

 

Гурав. Хэрэв Засгийн газрын сайдын албыг давхар хашиж байгаа УИХ-ын гишүүд давхар дээл тайлах эсэх тухай чуулганы санал хураалтанд оролцож, эрх мэдлээ хэвээр хадгалан үлдвэл тэдний нийгмийн байр суурь, өөрсдийнх нь нэр хүндэд ямар өөрчлөлт орж болохыг судалгаанд оролцогчдоос тодруулахад тэдний дийлэнх олонх нь буюу 85,7% нь цаашид тэдний төлөө дахиж саналаа өгөхгүй, албан тушаалд дуртай, итгэж үл болох улс төрчдөөр тодруулж, шаардлагатай бол огцруулах талаар аймаг, орон нутагтаа санал асуулга явуулж ч болох юм гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Ялангуяа 2012 онд Ардчилсан нам, МАХН-ын нэрийн өмнөөс жагсаалтаар сонгогдсон Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Ч.Улаан тэргүүтэй хүмүүст, улмаар тус 2 намд дахин итгэж сонгуульд дэмжиж оролцохгүй, тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдэд итгэл үзүүлж, дэмжиж оролцохгүй гэдэг байр суурийг сайд Н.Батбаяр, Х.Баттулга, Я.Санжмятав, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва нарыг сонгосон Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх олонхи баримталжээ.

Дөрөв. Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний давхар дээлтэй эрхмүүдэд өгч байгаа иргэдийн үнэлгээ, илэрхийлж буй байр суурь нь ч улс төрийн намуудын одоогийн рейтингт шууд нөлөөлж байгаа хандлага харагдаж байгаа юм. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал эрс муудаж, хямралд орж байгаа нь иргэдийн ундууцал, бухимдлыг хүргэж, одоогийн засгийн эрх барьж буй Ардчилсан нам, МАХН-ын эрх мэдлийн давхар дээлтэй эрхмүүдийн бие даасан, хувийн ашиг сонирхолоо илэрхийлсэн шийдвэрүүд нь Ардчилсан нам, МАХН-ын рейтинг буурахад нөлөөлж, иргэд Монгол Ардын Намд итгэх итгэл дээшилж, тус намын рейтинг бага зэрэг өсөхөд нөлөөлж байна гэж дүгнэж болно.


 
             Стратеги Академийн энэхүү судалгаа нь мэдээллийн зарим нэг вебсайтуудын онлайн судалгааны дүнтэй ойролцоо байгааг эцэст нь тэмдэглэе.

                                                                                    СТРАТЕГИ АКАДЕМИ