sonin.mn

АНУ-д сурч буй монгол оюутан залуучууд "Монголын Залуу Манлайлагчид" хөтөлбөрийн ээлжит уулзалтаа Нью-Йорк хотноо зохион байгуулав. Уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлсэн байна.

2009 оноос хойш долоо дахь удаа болж буй уг уулзалт нь энэ удаад "Монголын төрийн санхүүгийн зөв зохистой удирдлага" сэдвээр амжилттай болж, төрийн санхүүгийн удирдлагын ирээдүйн талаар оролцогчид санал бодлоо солилцлоо.

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч  О.Оч оюутан залуусыг хүлээн авч уулзан, монголын ирээдүй болсон залуус ийнхүү нэгдэн, эх орныхоо хөгжлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж буйд талархан, цаашид ч дэмжихээ илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын харилцааны түүх, манай улсын оролцоо, ололт амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж  залуучуудын сонирхсон асуултад  хариулав. Мөн үдийн зоог цуг барьж,  НҮБ-ын төв байртай танилцуулах аяллыг зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд залуус НҮБ-ын харьяа байгууллагад ажиллаж буй монгол иргэд, Колумбийн их сургуулийн нэрт доктор профессоруудаас лекц сонслоо.  Мөн оюутан залуус Нью-Йоркт байрлах нэр хүндтэй байгууллагуудаар зочилж, тус хотод амьдарч буй монголчуудтай уулзлаа.