sonin.mn

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн түүнийг огцруулахаар гаргасан өргөдлийн үндэслэлүүдэд тайлбар өгчээ.

 Тэрбээр :
"Нэгдүгээрт, Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн зориулалтыг дур мэдэн өөрчилж, Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн байна.  Энэ шийдвэрийг Хууль зүйн сайд дангаараа биш Засгийн газар гаргадаг. Төсвийн захиран зарцуулах хуультай холбоотой. Хэрэв хууль бус гэж бодож, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байгаа бол Аудитын шалгалт хийж, дүгнэлт гаргуулах боломжтой.

Хоёрт, 3,2 тэрбум төгрөгийн  MRI аппарат эвдсэн гэж байгаа боловч энэ аппаратыг барилгын ажил дуусаагүй үед ажиллуулах нь үргүй зардал гарна гэж үзсэн учраас түр хугацаагаар зогсоосон байгаа. Энэ аппаратад ямар нэг гэмтэл гарсан зүйл байхгүй. Гуравт, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж гэмт хэрэгтэй холбоотой статистик тоо гаргасан байна. 2013 онд гэмт хэргийн гаралт өссөн нь үнэн. Энэ нь  хоёр шалтгаантай. Тодруулбал, нийгэм, эдийн засагтай шууд холбоотой. Мөн цагдаагийн байгууллага зөрчил, гэмт хэргийг тусад нь бүртгэж, шаардлагатай тохиолдолд зөрчлийг гэмт хэргийн бүртгэлд шилжүүлдэг байсан. Үүнээс болж  өмнөх жилүүдэд хуурмаг статистик гардаг байсан учраас гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлийг цагдаагийн байгууллага дээр нарийн бүртгэдэг болсон. Өөрөөр хэлбэл, ирсэн гомдол бүрийг бүртгэж байхаар болсон.  Мөн нутаг дэвсгэрт цагдаагийн хүртээмжийг нэмэгдүүлээд ирэхээр иргэд гомдлоо их гаргаж байгаа нь гэмт хэргийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа.

 

Дөрөвт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр олон асуудал ярьсан байна. Үүн дээр хүний эрхийн байгууллагаас олон гомдол ирдэг. Хүний эрхийн стандарт хангахгүй байгаа шүүмжлэлийн дагуу 1500 хоригдлын хорих байрыг барихад хоригдлуудыг ажиллуулах байдлаар хохирол барагдуулах, нийгэмшүүлэх ажлыг шинэтгэлийн хүрээнд хийсэн. Өөр ч олон ажил бий.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин