sonin.mn

 "Давхар дээл" хэмээх нэр барьж хийсэн сөрөг хүчнийхний явуулга амжилттай болж ард түмэн бүр цаашлаад УИХ дахь эвслийн бүлэг болон бие даагчдын зөвлөлийнхний санал бодол зөрчилдөж эхэллсэн.

"Шударга ёс" эвсэл дахь МАХН-ын олонхи нь "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа гэхэд 2016 оноос эхэлж хэрэгжүүлэх ёстой" гэсэн байр суурь баримталж байгаа.

Харин Эрчим хүчний сайд М.Сономпил МҮАН-д цөөнх болж МАХН-ын олонхийг дэмжиж байгаа бол МАХН-аас О.Баасанхүү гишүүн тэргүүтэн МҮАН-ын олонхийг дэмжсэнээр тэдний хооронд үл ойлголцол үүссэн гэх. Үүний тод илрэл нь УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах дээрээ тулсан явдал байлаа.

"Шударга ёс" эвслийнхэн ажлаа хийдэггүй сайд нартай хариуцлага тооцохоо сануулсан мэдэгдэл хүртэл гаргаж амжсан. Энэ бүхнийг харж суугаа ажиглагчид "МАХН-ынхан хөдөлж эхэлж байгаа нь Н.Энхбаяр ирэх дөхөж байгаагийн илрэл" хэмээн тайлбарлаж байгаа юм.

    Харин бие даагчдын тухайд хоёрыг харьцах нь нэг гэсэн томъёлол бий болчихоод байгаа аж. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар давхар дээлийг тайлах асуудлыг дэмжиж байгаа ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар ямар байр суурь баримталж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдэнэ гэсэн.

    Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд ч Ардын намынхны сэнхрүүлгэд автаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн цөөнгүй байсан гэх.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас эхлээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед санал хураалтад оролцохгүй гэсэн утга бүхий бичиг баримт үйлдсэн нь үүнийг гэрчилнэ.

    Энэ бүхнээс харахад Ардын намынхны давхар дээлний сэнхрүүлэг үнэхээр хүчээ авсан нь тодорхой болно. Харамсалтай нь "Давхар дээлээ тайл" хэмээн орилж байгаа Ардын намын гишүүдийн олонхи нь энэхүү хуулийн төслийг өргөн барилцаж. батлалцсан хүмүүс байгаа юм.

Үндсэн хуулийг 1996 онд өөрчлөн байж УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлсэн хүмүүс нь Ардын намынхан байдаг. Одоо ч тэр хүмүүсээс УИХ-д сууж байгаа. Тухайлбал. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нарыг дурьдаж болно.

Сөрөг хүчнийхэн өнөөдөр Засгийн газрын сайд нарын давхар дээлийг тайлахгүй л бол болохгүй хэмээн ард түмний тархийг "угаах"-ын зэрэгцээ улс төрийн хүрээнийхний толгойг эргүүлэх гэсэн ч хүч хүрсэнгүй. Бүр сүүлдээ УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт сайдын албан бичгийг зувчуулж. УИХ-ын гишүүн, сайд нарт шаардлага явуулж үзэв.

Сайдын албан бичиг алдагдсаныг Ардчилсан намынхан нэг их юманд тоогоогүй гэж болно. Харин сайд нарт хүргүүлсэн шаардах бичгийн хариуд Ардчилсан намын бүлгээс “Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль зөрчиж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлөх оролдлого хийсэн" гэж үзэж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороонд хандаж байгаагаа мэдэгдээд байна.

    Учир нь 2006 оны зургаадугаар сард МАН олонхи байхдаа УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж. УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлаж байжээ. Харин Үндсэн хуулийн цэц гишүүний таслах эрхийг хасах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэсэн дүгнэлт гаргаснаар УИХ-ын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1,3-т заасан заалтыг УИХ-ын тухай хуулиас хассан байна.

Тухайн үед Үндсэн хуулийн Цэцээс "УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлтийг гаргаж байсан байна.

Давхар дээл тайлах тухай тоглолт эхэндээ сөрөг хүчний тооцоолсны дагуу өрнөж байсан ч хуулийн өмнө аргагүй сөхөрч, арга мухардаж байгааг энэ мэт үйлдлээс харж болох биз.