sonin.mn

УИХ дахь бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн зүгээс энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Учир нь уг хуулийн төслийг хэлэлцэхийн тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Үндсэн хуулинд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллана гэж заасан байдаг тул эхлээд энэ заалтад өөрчлөлт оруулж, хасч байж дараагийн асуудлыг хэлэлцэх ёстой аж.

Тиймээс бие даагчдын бүлэг тус хуулийг хэлэлцэх эсэх талаар эсрэг саналтай байгаа бөгөөд цаашид энэ байр сууриндаа бат зогсоно гэв. Хэрвээ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаагүй байж "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ.

Мөн төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагдаад буй барилгуудын 70 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сурагчдын дотуур байрны барилга байгаа учир санхүүжилтийг нь өгөөд цааш үргэлжлүүлэх ёстой гэсэн бодолтой байгаа хэмээн Бие даагчдын бүлгээс мэдэгдлээ.

Тус бүлгийн гишүүн Х.Болорчулуун Хотыг хөгжүүлэх хуулийн төслийг болосвруулах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа аж.  Х.Болорчулуун гишүүнийн зүгээс тус хуульд 15 мянгаас дээш хүн амтай аймаг, дүүргүүд нь өөрсдөө хотыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй болох ёстой гэсэн заалтыг оруулж байгаа аж.

Хөдөө орон нутгаас жилдээ 30 мянган хүн Улаанбаатар хотод ирж суурьшдаг. Тиймээс сүүлийн үед хот  замбараагүй, зохион байгуулалтгүй болсон. Тэгэхээр Х.Болорчулуун гишүүний санаачлан оруулж буй тус заалт хотын хөгжилд чухал түлхэц болно хэмээн тус бүлгийнхэн үзэж байгаа аж.

Т.Хулан