sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Сэргэлэн сумын “Эрдэнэ-Уул” багийн үйл ажиллагаатай танилцаж, шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгах зорилготой ЗГХЭГ-аас тус аймагт зохион байгуулсан “Баг-Иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараагаар тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцлаа.

128 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

Аймгийн төв бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд аймгийн төв бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Ерөнхий сайд өнгөрсөн жилийн мөн өдийд Төв аймагт ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцож, барилгын ажлаа яаралтай эхлүүлэх үүрэг өгч байсан.

Өнгөрсөн жил суурийг нь цутгаж, энэ сарын 1-нээс ажил эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажил 45 хувьтай байна. Эхний ээлжийн 128 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж “БҮТИ” ХХК-ийн удирдлага танилцууллаа.

Шинэ технологийн оёдлын “БОНН” үйлдвэр захиалга ихтэй байна

Солонгост 14 жил ажилласан туршлагаараа З.Оюунцэцэг гэж эмэгтэй Төв аймагт “БОНН” нэртэй даавууны бэлдцийн үйлдвэр байгуулан өнгөрсөн жилээс ажиллууж эхэлжээ. Даавуун бэлдцийн энэ үйлдвэрлэлийг дагаад оёдлын үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж байна гэж Зуунмод хотын дарга хэллээ.

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл шалгаруулалтад “БОНН” үйлдвэр үйлдвэрээ өргөжүүлэх төслөө явуулсан бөгөөд 888 төсөлд шалгарч, үйлдвэрлэлийн зээлээ хөөцөлдөж байгаа ажээ.

Аймгийн төвд ноос боловсруулдаг “Могол ноос” ХХК-ийн боловсруулсан ноосыг хүрэмний даавуу болгосон бэлдцээр “Төмөртрейд” ХХК хүрэм үйлдвэрлэж 2013 онд зах зээлд нийлүүлсэн нь амжилттай борлуулагджээ.

Манай улсын оёдлын салбарын тэргүүлэгч үйлдвэрүүд болох “Говь”, “Монгол даавуу” зэрэг үйлдвэр эднийд захиалга өгч, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, загвар дизайнийг нь өөрчлүүлдэг болжээ.

Эдгээр бүтээгдэхүүнийхээ дээжээс Ерөнхий сайдад танилуулсан бөгөөд ийм зорилго тэмүүлэлтэй, үйлдвэрлэгч бүтээгч иргэдээ дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн хэллээ.

Ашиглалтгүй байсан барилгад засвар хийж, төрийн болон төрийн бус байгууллагуудаа оруулжээ

Ажлын хувцасны үйлдвэрийн ажилчдын орон сууцны ашиглалтгүй барилгыг төрийн болон төрийн бус байгууллагын ордон болгож ашиглахаар засвар хийж тохижуулан зарим байгууллагууд эхнээсээ нүүн орж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус үйлдвэр нь 2003 онд дампуурч, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд барилгаа хуруулгаад байжээ. Харин өнөөдөр ашиглалтгүй, балгас болоод байсан энэ барилгыг Төв аймгийн Тамгын газар худалдан авч, засварлан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй явсан ажилтнуудын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан гэж аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.

Барилгын засварыг 165 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд гадна талбай, тохижилтын ажил ид хийгдэж байлаа. Тус барилгад аймгийн Тамгын газрын хөдөлмөр, татвар зэрэг хэлтэс, аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.