sonin.mn

Ажлын цагийнхаа дийлэнхийг оршин суугаа хаягийн тодорхойлолт бичихэд зарцуулж, үндсэн үүргээ биелүүлэх цаггүй боллоо гэж багийн Засаг дарга нар өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр учирласан. Тэгвэл энэ асуудлыг Шинэчлэлийн Засгийн газар шийдээд эхэлснийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Төв аймгийн багийн Засаг дарга нартай уулзахдаа хэллээ.

Бүх аймгийн төвд суурилуулсан ТҮЦ машиныг энэ онд багтаан сум бүрт байршуулна. Ингэснээр иргэд Засаг даргаасаа биш ТҮЦ машинаас тодорхойлолтоо авдаг болно. Хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан цахим дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 248 сум интернэттэй байгаа, оны эцэс гэхэд бүх сумыг интернэт эсвэл wi-fi сүлжээтэй болгоно.

Түүнчлэн, дундаж айл өрхийн орлогод тохирсон хямд үнэтэй ухаалаг утасны хэрэглээг бодлогоор дэмжинэ гэлээ. Эдгээр дэд бүтцэд тулгуурлан ирэх 7 дугаар сараас иргэд цахим үнэмлэхээ ашиглан төрийн 25 үйлчилгээг компьютерээсээ авч эхэлнэ. Засгийн газрын албан ёсны вэб сайт www.zasag.mn зөвхөн мэдээлэх биш 25 төрлийн үйлчилгээг үзүүлдэг болно.

Төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан шат дамжлагагүй, хүнд сурталгүй болгохоор Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ мэт шинэчлэлийг иргэд, айл өрхтэй тулж харилцдаг багийн Засаг дарга нар ойлгож, иргэдэд зааж өгөх нь чухал байна.

Цаг, хөрөнгө их шаарддаг ажлын уламжлалт арга барилаа орчин үеийн технологи ашиглан түргэн шуурхай явуулдаг баг болохын төлөө санаачилгатай ажиллаарай, ийм санаачилгыг бид дэмжинэ гэж Ц.Жадамбаа дарга тодотголоо.

ТҮЦ машин, ухаалаг шуудангийн хайрцаг, интернэтийн сүлжээ гээд олон шинэлэг ажил нь орон нутагт үр дүн өгснийг багийн удирдлагууд тодотгоод, цаашид хэрэгжүүлж болох ажлын талаар МТШХХГ-ын даргад саналаа уламжиллаа.

Багийн Засаг дарга нарын гаргадаг олон төрлийн статистик дүн мэдээг ТҮЦ машинд оруулбал, орон нутгийн телевизийг зөвхөн аймгийн төвд биш сумдад гаргадаг болговол тэдний ажил ихээхэн хөнгөвчлөгдөнө гэж багийн Засаг дарга нар үзэж байна. Аливаа статистик мэдээг ТҮЦ машинаар шууд авдаг болгох бүрэн боломжтой.

Монгол Улсын статистикийг нэгдсэн сүлжээнд оруулахаар Үндэсний статистикийн газартай хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногоос ажиллаж эхэлсэн, энэ хүрээндээ дээрх асуудлыг шийднэ.

Харин орон нутгийн телевизийн цацалтын цар хүрээний тухайд, Өвөрхангай, Сүхбаатар аймгууд ДиДэшийн антеннаар орон нутгийн телевизээ сумдадаа цацаж эхэлсэн шиг жишгээр ажиллах боломжтой гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл:
Багийн Засаг дарга нарын үг шийдвэр, ажил болж эхэлснийг Засгийн газрын тэргүүн хэллээ