sonin.mn

Шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгахаар ЗГХЭГ-аас зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэг Төв аймагт үргэлжиллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ хэлэлцүүлэгт зочилж, багийн удирдлагуудын үгийг сонслоо.

Үүний өмнө Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийнхныг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлгийн үеэр гарсан санал бүртэй танилцсанаа Ерөнхий сайд тодотгоод, энэ удаа ч өмнөхтэй адил үгс давтагдаж байгаагаас харвал доод шатанд зузаан зузаан бичиг цаас шидэлцэх байдлаар ажил явуулдаг хандлага төдийлөн арилаагүй нь анзаарагдаж байна гэлээ.

Төрийн үйлчилгээг иргэддээ улам ойртуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлыг шинэчлэхийг зорьж байна. Багийн ажлыг сайжруулахад удирдлагуудаас нь дэвшүүлсэн санал эхнээсээ ажил хэрэг болж байгаа юм.

Засаг дарга нарт ачаалал нэмдэг статистик тоо бүртгэл цахимжиж, иргэний хаягийн тодорхойлолт бичих ажил ТҮЦ машинд шилжиж, унаа шатахуун, цаг заран айл болгонд хүргэдэг зарыг мэдээллийн технологи, орон нутгийн телевиз радио ашиглан шуурхай явуулах боломж нээгдсээр байна.

Баг, сумаас Засгийн газрын түвшин хүртэлх төрийн бүх шатны мэдээллийг нэг урсгал, нэгдсэн цахим санд оруулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан дуусгана гэж Ерөнхий сайд онцоллоо.

Түүнчлэн, аймагт бүрт орон сууц барих, оношилгооны төв байгуулах, орчин үеийн тав тух бүрдүүлсэн шинэ сум босгох, хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох гэх мэт орон нутгийн хөгжлийг дэмжсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.
Үүний дараа хэлэлцүүлгээс хэд хэдэн онцлох санал гарсан юм.

Төрийн ажил үүргийн хуваарилалт урвуу пирамид хэлбэртэй байна гэлээ

Анхан шатны үйлчилгээг багаас, суурь үйлчилгээг сумаас, иж бүрэн үйлчилгээг аймгаас үзүүлэх ёстой. Хуулиар тогтоосон энэ бүтэц, механизм өнөөдөр урвуу хэлбэртэй байна гэж Төв аймгийн Засаг дарга С.Баярбат үзэж байна. Төрийн үйлчилгээний гол ачаа дээд шатанд төвлөрч, тэр дундаа хөдөөгийн багууд иргэндээ төдийлөн хүрч үйлчилж чадахгүй байгаа нь өнөөгийн бодит байдал.

Энэ төвлөрлийг доод шатанд шилжүүлэх, засаг захиргааны нэгжүүдийн ажил үүргийг оновчтой хуваарилах шаардлага бий гэдэгтэй Төв аймгийн 97 багийн Засаг дарга санал нэгдлээ. 90 мянган хүнтэй Төв аймаг 27 сум, 97 багтай.

Багийн Засаг дарга нартаа унаа, компьютер, хэвлэгч, чанга яригч авч өгч, зарим багийн төвийг контортой болгоход өнгөрсөн жилүүдэд Төв аймаг 2,4 тэрбум төгрөг зарцуулсан ч бэрхшээлийг бүрэн шийдэж чадахгүй байгаа нь орон нутгийн түвшинд бус төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэйг харуулсан гэж аймгийн удирдлагууд онцоллоо.

Төв, хөдөөгийн багийн хэт ялгаа төрийн ажил цалгардах шалтгаан болж байна.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг 53 өрхтэй байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 1826 өрхтэй байна.

Төв, хөдөөгийн багийн Засаг дарга нарын эрх хэмжээ, цалин хөлс адилхан хэрнээ эрс ялгаатай ачаалалтай ажилладаг ийм байдал Төв аймагт ч бий. Аймгийн төвийн багт 650-1000, хөдөөгийн багт 150 өрх байвал иргэд эзэнгүйдэхгүй, төрийн ажил цалгардахгүй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Үүний зэрэгцээ аймгийн болон сумын төвийн баг гэх илүүц нэгж ажил үүргийн давхардал, эсвэл орхигдол үүсгэдэг гэнэ. Монголд өнөөдөр 1699 баг байгаагийн 335 нь сумын төвийн баг юм.

Иймд багийн өрхийн дээд хязгаарыг тогтоох, хилийн цавыг шинэчлэх, багийг малд биш хүнд төвлөж хөгжүүлэх, анхан шатны нэгжид захиран зарцуулах төсөв хуваарилах гэх мэт бодлогын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзлээ.

Багийн Засаг дарга нарт тулгардаг бас нэг “том” бэрхшээл бол аймаг сум, яам агентлагийн дарга даамлууд олон төрлийн мэдээ тайлан нэхдэг, төлөвлөгдөөгүй ажлаар дардаг байдал. Баг, хорооны Засаг дарга нар албан ёсны статистикийн 20 төрлийн мэдээ, тайлан эрхлэн гаргадаг.

Хүн амын урсгал хөдөлгөөн ихтэй Төв аймагт иргэний бүртгэл, статистикийн дүн багагүй зөрдөг гэнэ. Харъяалалтай хэдий ч нутаг орондоо удаан хугацаагаар ирээгүй иргэд, оюутнуудын гэр бүлийн байдал, ажил эрхлэлт гээд бүх мэдээллийг баг хянах нөхцөлгүй байгаа нь бүртгэл, статистикийн дүн зөрөх, эсвэл нэг хүн хот хөдөөд давхар хаягтай болох шалтгаан болж байна.

Иймд улсын бүртгэлийн газар иргэний шилжилт, харъяаллыг үндсэн сангаараа шалгаж бүртгэдэг болмоор байна гэсэн саналыг багийн Засаг дарга нар хэллээ. Энэ чиглэлээр ч шинэчлэл хийж байгааг  Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Статистик мэдээ гаргах аргачлал, багийн түвшинд тооцох үзүүлэлтийн хүрээг энэ оны эхний хагаст шинэчилж дуусгахаар салбарынхан ажиллаж байна.

Анхан шатанд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгч болох багийн Засаг дарга нар энэ мэтчилэн асуудал бэрхшээлээ гарган тавьж, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлтэй танилцсан хэлэлцүүлэг бүтэн өдөр үргэлжиллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.