sonin.mn

Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ДХБ-ын Ерөнхий захирал ноён Роберто Азеведод энэ сарын 14-ний өдөр итгэмжлэх захидлаа барив.  

Женев хотноо Дэлхийн худалдааны байгууллага дээр болсон итгэмжлэх захидал барих ёслолд ДХБ-ын Ерөнхий захирлын бодлого, хууль зүйн зөвлөх болон Монгол Улсын Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтнууд байлцав.  

Итгэмжлэх захидлаа барьж энэхүү үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйтай нь холбогдуулан ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржид ажлын амжилт хүсч, ДХБ-ын зүгээс Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс нь 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орсон үеэс эхлэн олон талт худалдааны бодлогыг тууштай дэмжиж, гадаад худалдааны либерал бодлого баримтлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд ДХБ-ын хүрээнд явагдаж буй худалдааны олон талт яриа хэлэлцээнд цаашид ч идэвхитэй оролцож хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж нотлов.

Тэрбээр Дэлхийн худалдааны байгууллага нь Монгол Улсын Худалдааны бодлогыг 2014 оны 6 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 2 дахь удаагаа хянан хэлэлцэх гэж буй бөгөөд энэ нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглээд Монгол Улс нь цаашид олон талт худалдааны тогтолцооны хүрээнд олгогдож буй худалдааны тааламжтай нөхцлүүдийг бүрэн дүүрэн ашиглах, өөрийн орны экспортод гадаад зах зээлүүдэд нэвтрэх боломжуудыг нэмэгдүүлэх, түүнчлэн гадаад худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгоруудыг илүү нарийвчлан судлах, ДХБ-ын хүрээнд батлагдсан олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ДХБ-тай ойр хамтран ажиллаж, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд техникийн туслалцаа дэмжлэг үргэлжүүлэн авах хүсэлтэй байгааг мэдэгдэв.

Түүнчлэн Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг олон улсын түвшинд урагшлуулах үйлсэд Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулж идэвхи, санаачилгатай ажиллаж ирсэнийг дурдаад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг НҮБ-ын дэмжтэгтэйгээр Улаанбаатар хотноо 2009 онд байгуулсан талаар мэдээлэв.

Мөн “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрүүд ба тэдгээрийн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөө” хэмээх сэдэвт олон улсын дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын холбогдох албатай хамтран Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар мэдээлж үүнд ДХБ-ын зүгээс өндөр түвшинд оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо манай талаас тавьсан дээрх санал, хүсэлтүүдийг нааштайгаар хүлээн авч буйгаа илэрхийлээд Монгол Улсад Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд явагдаж буй худалдааны яриа хэлэлцээнд оролцох, улмаар худалдааны олон талт тогтолцооноос илүү их үр ашиг хүртэж гадаад худалдаагаа хөгжүүлэх үйлсэд нь бүхий л талын бололцоот туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.