sonin.mn

      Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр / 2014.04.16 / Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэллээ.

Тэрээр сүүлийн хоёр жил энэхүү бага хурлыг УИХ-ын даргын ивээл дор зохион явуулж байгааг хэлээд, энэ жил арван салбарт шалгарсан илтгэгч багш, оюутнуудад нэрэмжит шагнал олгохоор болсон тухай танилцуулав.

Түүнчлэн залуу багш, оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих нь монголын оюунлаг сэхээтнүүдийг төрүүлэх, улс орны хөгжилд шинжлэх ухааныг дээдлэх бодлогыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэв.

Монголын Залуучуудын Холбоо “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 21 дэх жилдээ  зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, дэмжин урамшуулах, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.