sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал энэ сарын 14-нд Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ гардуулав.

Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Монгол Улсын Элчин сайд Словени улсын төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ ийнхүү барив.  Итгэмжлэх жуух бичгээ гардуулсны дараа Элчин сайд Г.Батжаргал Ерөнхийлөгч Борут Пахорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Мөн өдөр Элчин сайд Словенийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Богдан Бенко, Хоёр тал, Европын харилцаа эрхэлсэн Ерөнхий захирал Тадеж Рупел, Олон талт харилцаа эрхэлсэн Ерөнхий захирал Драголюба Бенчина нартай тус тус уулзав.

Дипломат харилцаа тогтоогоод 20 гаруй жил болж байгаа энэ хугацаанд Монгол, Словени НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид үргэлжлүүлэхийн сацуу хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүн байсан Словени Улс нь 1991 оны 6 дугаар сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан. 2,056,262 хүн амтай, 20,273 км2 газар нутагтай тус улс 2004 онд Европын Холбоонд элссэн бөгөөд дэд бүтцийн хөгжил, өндөр боловсролтой ажиллах хүчин, Балкан болон Баруун Европын хооронд орших стратегийн байршил нь эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг юм.