sonin.mn

ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлөөс Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ээлжит хурлаа энэ сарын 12-13-нд Берлин хотноо амжилттай зохион байгуулав.

Тус хуралд “Монгол-Германы эдийн засгийн клуб”, “Цог клуб”, Штуттгарт хот дахь “Монгол академчидийн холбоо”, “Майдар” холбоо, “Улаанбаатар холбоо”, “Хаан эрүүл мэндийн тусламж” холбоо, “Умардрайн-Вестфален герман-монголын хаалга”, Мюнхен хотын “Монголын найз нөхөд” холбоо, Аахен хотын “Монгол оюутнуудын холбоо” зэрэг ТББ-уудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүн нар болон Штуттгарт хотын “Солонго”, Мюнхен хотын “Од”, Нюрнберг хотын “Эрдэм”, Берлин хотын “Ирээдүй” болон Дюссэльдорф хотын “монгол сургуулиудын” захирал, багш нар оролцсон бөгөөд “Урбан номадс Монгол ситизен”  төсөл болон Германы “Монгол форум” холбооны төлөөлөл мөн байлцав.

Хурлын үеэр монгол хэл, бичиг, соёл, урлаг болон монгол аж, ахуйн амьдралыг монгол хүүхдүүдэд хүргэх, түгээх зорилго бүхий Германд үйл ажиллагаа явуулж байгаа монгол сургуулиудад зориулсан сургалт, менежментын “Монгол хэл” төсөл боловсруулж, Зөвлөлийн дүрэмд шинэчлэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн бөгөөд 2014 оны 5-7 дугаар сард Зөвлөлөөс төлөвлөсөн ажлын хөтөлбөрийн талаар ярьж хэлэлцэв.

ТББ-ууд энэ онд хийх гол ажлынхаа талаар танилцуулж, мэдээлэл солилцож, улмаар Зөвлөлийн хуралд анх удаа оролцож буй “Урбан номадс Монгол ситизен”  төсөл, Германы “Монгол форум” холбоо, “Монголын найз нөхөд” холбоо “Ирээдүй” сургууль болон Дюссэльдорф хотын монгол сургуулийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулав. Түүнчлэн Гадаад харилцааны яамны санаачилгаар энэ  оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй “Хилийн чанадад суугаа Монголчууд - Эх орондоо” сэдэвт чуулга уулзалтад Герман дахь монгол иргэдийн ТББ-ууд хэрхэн оролцох талаар санал дэвшүүлэхээр болов.

ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлийн зорилго нь тус улс дахь монгол болон монгол-германы төрийн бус байгууллагуудын хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох, нэгдсэн сүлжээ байгуулах, хоорондын хамтын ажиллагааг зохицуулах, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах бөгөөд Монгол Улс, ХБНГУ хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орших юм.

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа монгол болон монгол-германы ТББ бүр Зөвлөлд гишүүнээр элсэх боломжтой бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааг гишүүн байгууллага тус бүр хагас жилээр даргалж байна. Зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг 2014 оны 6 сарын 13-15 -ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлосон ба тус хурлаар Берлин хотын “Цог” Спорт клуб зөвлөлийн үйл ажиллагааг 2014 оны 2 дахь хагас жилд удирдах юм.