sonin.mn

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцааг 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй, тамхи татаж болох, худалдаалах газрын тоог огцом цөөрүүлэх нь тамхины хууль бус наймаа, чанаргүй, хуурамч тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдах явдал улам нэмэгдэхэд хүргэж байна.

Тиймээс тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байх юм.

Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад дотоод орчинд утаат тамхи татахыг хориглохоор тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.