sonin.mn

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг дүүргийн “Ажил олгогчдын зөвлөгөөн” боллоо.

Үйл ажиллагааг Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат нээж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны бизнесийн харилцааны хэлтсийн дарга н.Нанжидсүрэн, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Балжинням, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэд дарга Б.Мөнхцэцэг болон холбогдох салбарын мэргэжилтэнүүд оролцов.

Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих хөтөлбөр, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийг ажил олгогчдод сурталчилах, ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байранд зуучлах, төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү зөвлөгөөний үеэр “Ажил олгогчдыг дэмжих хөтөлбөр”-ийг танилцуулж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болсон юм.

Мөн 2014 онд ажил үйлсээрээ тэргүүлэн “Жигүүр гранд” ХХК 201 иргэн, “Эсто” ХХК 214 иргэн, “Номин холдинг” ХХК 20 иргэнийг ажлын байраар хангасан дээрх ажил олгогч шилдэг байгууллагыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс шагнаж урамшууллаа.