sonin.mn

Жамухын алтан бүс гэдэг шиг дэлхий алтан бүстэй байдаг гэнэ. Тэрхүү алтан бүсийг Канад улсад төвтэй “Erdene Resoure Deveropment” компани олчихсон юм байх.

2012 оноос явуулсан тэдний мэдээ, мэдээллээс харахад ийм сэтгэгдэл төрнө. Төв Азийн Тянь Шан алтны судал олчихлоо гэж зарласан. Алтан бүсний сургаар Торонтогийн бирж дээрх хувьцаа нь 40 хувиар өссөн гэдэг юм билээ.

Тус компанийн Ерөн­хийлөгч Петер Акерли “Би 1997 оноос Монгол Улсад ажиллаж байна. Анх удаа амжилт оллоо. “Алтан нар” ордод 45 тонн алт бий. Оюу толгойтой харьцуулах юм бол газрын гадаргатай тун ойр.

Тэрбум ам.долларын алт бий” гэсэн байдаг. 45 тонн алт гэдэг бол Бороо гоулдаас арай бага орд юм. Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөн­хийлөгч Д.Дамба “Алтан нар гэдэг орд Бороо гоулдаас хамаагүй бага” гэсэн байдаг.

Энэ үеэс эхлэн эргэлзээ бий болоод явчихаж байгаа юм. Алтан нар орд гэх үү, үгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Хайгуулын ажил бү­рэн дуусаад техник эдийн зас­гийн үзүүлэлт хийгд­сэний дараа орд гэдэг.

Одоогоор Баянхонгор айм­гийн Шинэжинс, Баян-Өндөр суманд хайгуулын ажил хийгдэж байгаа юм. Ашигт малтмалын газраас тодруулахад “Алтан нар” гэсэн орд байхгүй” гэдгээ хэлсэн.

Харин Канадын хөрөнгө оруу­лалттай “Эрдэнэ Мон­гол” гэдэг компани хай­гуулын тай­лангаа Ашигт малтмалын газарт ирүү­­лээгүй байж шуугиан тарь­сан байдаг. Эрдэс баял­гийн мэр­гэжлийн зөвлөлийн гишүүн М.Ариунбаяр “Баян­хонгор аймгаас га­ралтай нөхөд “Манай нутагт их мундаг орд гарсан гэнэ. Хэлээд өгөөч” гээд байгаа юм. Яг ямар орд болохыг нь мэдэхгүй. Хэвлэлээс харахад канадчууд Баянхонгор аймагт хайгуул хийж байгаа юм билээ” гэв.

Монгол Улсын хөрс шороог хөндөж байгаа учраас холбогдох байгууллагын хяналт дор, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёс­­той. Гэтэл канадын хө­рөнгө оруу­лалттай гээд ком­панийн талаар мэдэх албан тушаалтан алга байгаа юм. 45 тонн алтны талаар мэдэх албан тушаалтнууд бүр цөөхөн. “Erdene Resoure Deveropment” ком­пани Торонтогийн бирж дээр хувьцаагаа 40 хувиар өсгөсөн хэдий ч хайгуулын ажлын тайлангаа ч дуусгаагүй. Тийм атал тэрбум ам.долларын алт хөрсөн дор бий гэж заагаад л.

Энэ бүгдийн цаана Монгол Улсын уул уурхайн нэр хүнд явж байгаа юм. Канадчууд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэрээр Монгол Улсыг хаана байдгийг ч бараг мэдэхгүй нөхдөөс мөнгө авч байна. Тэр мөнгөөрөө хай­гуу­лын ажлаа ч хийхгүй байгаа нь гайхшрал төрүүлэх болов.

Сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан алдартай ордуудыг дамлан зардаг болсон. 19 хүний гар дамжсан орд ч байна. Хөрөнгө мөнгө гар­гаад ашиглах гэхээр нэг л эргэлзээтэй байдаг учир ийн дамлаад байдаг бололтой. Сүүлийн жилүүдэд дэл­хийд хосгүй ордууд өдөр болгон “мэндэлж” байв. Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өвөртөлсөн хүн бүхэнд “Дэлхийн хэм­жээний” ордууд бай­сан.

Гэтэл тэдгээр орд ашиглалтад орсонгүй. Хэвлэлээр шуу­гиулж байгаад хэн нэгэнд зарчихдаг юм билээ. Түүний хамгийн тод жишээ бол “Олон Овоот”-ын орд шүү дээ.

Таван тонны нөөцтэй орд хэдэн арав дахин үр­жүүлж дээр дооргүй нэвт хулхидаж орхисон. Түүнтэй адил “Алтан нар” гэ­дэг байхгүй орд олон хүнийг хул­хидаад дэлхийгээр нэг шившиг болох вий дээ.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: