sonin.mn

Монгол төрийн алба зах зээлийн харилцааны явцад төлөвших шатандаа явж байна. Тэр дундаа үйл ажиллагаанд нь ололт байхын зэрэгцээ бэрхшээл ч багагүй тохиолдох болжээ. Өнөөдөр улс төрийн эрх мэдэлтнүүд, тэдний танил тал, нутаг усныхны болон сонирхлын явцуу бүлэглэлтэй сүлэлдсэн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүчтэй нөлөөлөлд автсаныг дээр дооргүй шүүмжилдэг.

Харин төрийн туршлагатай зүтгэлтэн, доктор Д.Дэмбэрэлийн туурвисан "Ёс зүйт төр" бүтээлд эдгээр гаж үзэгдлийн учир шалтгааныг тодруулан гаргаж, төрийн албыг чадваржуулан бэхжүүлэх арга замын "асуудлыг" дэвшүүлэн тавьжээ.

Энэ номыг хянан тохиолдуулсан доктор Батмөнх энэ талаар "Судлаачид эрх зүйт төрийн тухай хангалттай олон ном зохиол бичсэнээс биш ёс зүйт төрийн асуудлыг тусгайлан авч үзсэн бүтээл туурвил одоо хэр гаргаагүй.

Доктор Д.Дэмбэрэлийн "Ёс зүйт төр" хэмээх бүтээл судалгааны энэхүү орон зайг нөхөж, хүмүүн төрөлхтний ёс суртахууны чиглүүлэгч хүчийг нээн гаргахдаа нийгмийн ухамсрын бусад хэлбэрүүдтэй хүйн холбоо, харилцан хамааралд нь авч үзсэн.

Хүн нийгмийн амьдралд оролцохдоо үнэнч бус, зарчимгүй, итгэлгүй, шударга бус, хатуу ширүүн байж болно. Харин ёс зүйтэй иргэн бол өөрийгөө эзэмдэж жолоодох, биеэ зөв авч явах соёл, чадвартай байдаг. Хүний энэхүү мөн чанарыг танин мэдэж, залуурдан чиглүүлж нийгмийг удирдахад ашиглах хэрэгтэй гэсэн санааг зохиогч дэвшүүлжээ.

Хүчирхийлэх, айлган сүрдүүлэхийг шүтсэн хялбар арга барилаас ангижирч, хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлах ёс зүйн үнэт зүйлсийн иж бүрдлээр дэм үзүүлэхийг тэр ач холбогдолтой гэж үзжээ.

Тэрээр эдгээр логик гаргалгаанд түшиглэн ёс зүйт төр бол эрх зүйт төрийн хөгжлийн дээд шат болох тухай санааг дэвшүүлэн тавьж, түүнд шинжлэх ухааны үүднээс тайлбар өгсөн байна. Ингэхдээ олон мянган жилийн баялаг өв сантай монгол төрийн удирдлага, түүний ёс зүйн түүхэн уламжлалыг цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлттэй нь уялдуулан судалж тодруулжээ.

Үүндээ түшиглэн өнөөгийн төрийн албаны ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийж, орчин үеийн Монгол дахь ёс зүйн тулгамдсан асуудлыг хөндөн, шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналыг дэвшүүлсэн нь нэн олзуурхам гэсэн байна.


Ёс зүйн гарвал

Ёс зүй нь бие хүн нийгэмд өөрийгөө авч явах урлаг буюу хүмүүстэй харилцах харилцааны соёл гэсэн утгаар эдүгээ хүмүүнлэгийн ухааны бие даасан салбар болон хөгжиж байна. Энэхүү хандлага төрийн алба, түүний албан хаагчдад адил хамааралтай. Удирдлагын ёс зүйг авч үзэхийн өмнө ерөөсөө ёс зүйн тухай ойлголтын талаар ярилцах нь бүрнээ зүйд нийцнэ.

Ёс зүй буюу "этика" гэсэн нэр томьёо нь эртний грек хэлний "ethoc" (этос) гэсэн үгнээс үүдэлтэй бөгөөд эртний латин хэлний "moralitas" (мораль) гэсэнтэй адил утгатай ажгуу. Грекийн философич Аристотель сайн буюу буянт үйлийн онцлог зарим чанарыг тодотгож, тэдгээрийг "сэтгэлийн чанар"-т хамруулан үзэхдээ буянт сайн үйлсийг судлах зүйлээ болгодог шинжлэх ухааныг "этика" хэмээн нэрлэжээ.

Харин энэ үеийн ромын философич М.Цицерон Аристотелийн ойлголтыг латин хэлнээ оноон буулгажээ. Ингэж латин хэлнээ мораль гэдэг нэр томьёо гарч ирсэн нь грек хэлний "этика" мөн ажээ.

Орос хэлэнд "нравственность" гэсэн үг бий. Гэхдээ энэ үг бодит байдлыг илэрхийлдэг, харин шинжлэх ухааныг илэрхийлдэггүй гэдэг. Ингэхлээр ёс суртахуун нь ердийн байгаа зүйл биш харин зайлшгүй байх ёстой зүйл юм. Оросын эрдэмтдийн тайлбарласнаар "этика", "мораль" өнөөг хүртэл бие биеэ харилцан орлосоор ирсэн аж.

Ёс суртахууныг оросууд голдуу моральтай ижилсгэдэг. Өрнөдийн эрдэмтдийн санаа оросын эрдэмтдийн ойлголттой үндсэндээ дүйдэг юм. Америк болон өрнөдийн орнуудын ёс зүйн талаархи ойлголт нь "ёс зүй нь ёс суртахууны зарчмуудын систем, удирдлагын дүрэм юм". "ёс зүй бол ёс суртахууны шинжлэх ухаан". "ёс зүй нь философийн салбар" хэмээн тодорхойлдог.

Харин мораль (ёс суртахуун гэе)-ийг Нэгдүгээрт, зөв үү, буруу юу гэсэн зарчимтай хамааралтай, хоёрдугаарт, сайн ба сайхан, гуравдугаарт, зөв ба буруугийн хоорондын ялгааг ойлгох чадвар, дөрөвдүгээрт, зөв зан авирыг үзүүлэх буюу суулгах, тавдугаарт, юу зөв, шударга, үнэн болохыг мэдрэхтэй холбодог юм.

Ингэхлээр бид ёс зүй аль ч утгаараа хоёр талт шинж байдалтайг анхаарах нь зүйтэй. Нэгд, буруугаас зөвийг, муугаас сайныг, зохисгүйгээс зөв зүйтэйг нь ялгах, хоёрт, зөв, сайн сайхан, зүй зохистой зүйлийг хийх амлалт, хүсэл тэмүүллийг зөв таних энэ чадварыг эзэмших хэрэгтэй болно.

Манай монголчуудын ойлголтоор бол ёс зүйг ёс суртахууны сургаал, иш зүй хэмээн харин зан суртахууны талыг ёс журам, сургамж гэсэн утгаар авч үзэж иржээ. Мэргэжлийн ёс зүй хувийн ёс зүйгээс ялгаатай юу гэдэгт асуудал байнга гардаг. Төрийн албаны ёс зүй нь мэргэжлийн ёс зүйн нэгэн төрөл юм.

Энэ нь төрийн болон нутгийн өөрийн удирдлагын бүтцэд ажиллагсдын зан төлөв ёс суртахууны зарчмыг судална. Эрдэмтэн Дин Гьюрас, Чарльз Гарофало нар "ёс зүй нь хүний мэргэжлээс ангид оршдог ч мэргэжил нь ёс зүйгүйгээр оршдоггүй" гэжээ. Үндсэндээ, тэд хувийн болон мэргэжлийн орчинд ёс зүйн зарчим ялгаатай гэдгийг хэлжээ.

Амстердамын их сургуулийн эрдэмтэн судлаач Вандэр Вал, Хубэртз, Вандэн Хэувэл, Колтоф нар удирдлагын ёс зүй гэдгийг "улстөрчид, төрийн албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ёс зүйн хэмжүүрийн хамаарах байдал" гэсэн байна. Энэ бүхнээс та ёс зүйг хувь хүний, мэргэжлийн, улстөрчдийн гэж салгаж ойлгуулах гээд байгааг анзаарч байгаа байх.

"Төрийн туйлын зорилгын онол дотор ёс суртахууны онол багтах" бөгөөд ёс суртахууны хэм хэмжээг яв цав хэрэгжүүлэх нь төрийн үүрэг, зорилго юм. "Ёс суртахуун нь өөрөө ариун шударга зүйл учраас хэрэгжүүлж чадвал нийгмийн харилцааг тохинуулахад өөр ямар ч арга хэрэглэх шаардлагагүй гэж үзнэ" хэмээн доктор Н.Лүндэндорж "Төрийн онол" бүтээлдээ онцолжээ.

Тэр бас Платон шилдэг төрийн зорилгыг шударга ёс тогтоох, харин Аристотель биеийн аз жаргал төдийгүй ёс суртахууны сайн сайхан байдал тогтоохыг онол гэж үздэг ба хожим германы сонгодог философийн төлөөлөгч Кант, Гегель нар "объектив ёс суртахууны дээд хэлбэр нь төр" гэж үзэх болсныг тэмдэглэжээ.

Аристотелийн бичсэн "Magna morila" буюу оросоор "Большая этика" зохиолыг эрдэмтэн судлаач Б.Даш-Ёндон "Дээд суртахуун" нэртэйгээр монгол хэлнээ орчуулахдаа "Маш товчоор хэлбэл, ёс зүй бол төр улсын ухааны бүрэлдэхүүн хэсэг юм" гэж онцолжээ.

Харин Аристотель "олон нийтийн болон төр улсын амьдралд оролцъё гэж бодож байгаа тэр этгээд сайн үйлийн суртахуунтай хүн байвал зохино" гэжээ. Энд "Дарга болох чадвар хэн бүхэнд байдаггүй ээ. Хэрэв хэн нэгэн хүн эрх мэдэл олгосонгүй гэх юм уу, эсхүл удирдан жолоодох боломж өгсөнгүй гэж унтууцан догшроод байвал, түүнд, даргалж, удирдан жолоодоход тус дэм болдог тэр зүйл чиний сэтгэл оюунд байхгүй байна шүү дээ гэдгийг нь л хэлэх хэрэгтэй"-г тэмдэглэжээ.

Ингэхлээр зохиогч миний хувьд удирдахын тулд та ёс зүйг ойлгосон байх хэрэгтэй. Эс бөгөөс та хуулийн өмнө унахгүй ч, ёс зүйн хувьд "үхдэл" болно гэдгийг зөвлөх байна. Ёс зүйд манлайлагчийн холбогдох нь бас л сонирхол татам зүйл. Шинэ зуунд манлайлагчид тавих шаардлага өндөржиж байна.

Монгол манлайлагчдын ур чадварын төвшин өнөөгийн энэ сорилтод бэлэн байна уу?  Зохиогч, Бэнгт Карлссон, Д.Зүмбэрэллхам, Том Тюниел, ерөнхий редактор, доктор профессор Ц.Самбаллхүндэв нарын "Төрийн албан дахь манлайллын ёс зүй. Шударга ёс, зан чанарыг эрхэмлэн удирдахуй" хамтын бүтээлд төрийн албыг үр бүтээлтэй залгуулах гол тулгуурын нэг нь үнэнч, алсын хараатай манлайлал юм.

Ийм манлайлал үгүй бол төрийн алба чадварлаг байж Монголын ард түмэнд бүрэн төгс үйлчлэх боломжоо бараг алдана. Төрийн албаны манлайлагчид ёс зүйг баримтлан, төрийн албыг залгуулахаар зүтгэж буй хүмүүсийн хувьд үлгэр жишээ үзүүлж чадахгүй бол төрийн алба тэр чигээрээ ёс зүйгүй үйлдэл, зан суртахуунд автах магадлалтай" гэжээ.

Зах зээлийн мэдрэмжтэй төрийн удирдлагын шинэ тогтолцоонд бид шилжиж буйгаа харж байна. Тэгвэл төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад сайн манлайлал, алсын хараа нэн чухал.

Үргэлжлэл бий

Доктор Д.Дэмбэрэл