sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал энэ сарын 16-нд Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичод Итгэмжлэх жуух бичгээ гардуулав.

Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа болсон уулзалтын үеэр Элчин сайд Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, 2013 онд Хорват Европын Холбооны гишүүн болсонд баяр хүргэж, улмаар Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хоёр талын харилцаа хөгжүүлэх боломж нээгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, Элчин сайд Хорватын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Весна Пусич, Гадаад харилцааны туслах сайд, Олон талт харилцаа эрхэлсэн Ерөнхий захирал Дубравка Маркович нартай тус тус уулзаж, хоёр орны харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар ярилцав.

Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд манай хоёр улс найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд төрийн тэргүүн нар харилцан зочилсон нь улс төрийн харилцаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг талууд онцлов. Түүнчлэн, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид үргэлжлүүлэхийн сацуу эдийн засгийн харилцааг урагшлуулах хүсэлтэй байгааг Гадаад харилцааны сайд уулзалтын үеэр илэрхийлэв.

Хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүн байсан Хорват Улс нь 1991 оны 6 дугаар сарын 25-нд Словенийн адил тусгаар тогтнолоо зарласан бөгөөд манай хоёр улс 1993 оны 3 дугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоожээ. Энэ хугацаанд Хорватын Ерөнхийлөгч Степан Месич 2008 онд манай улсад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Хорватад төрийн айлчлал тус тус хийсэн.

4,4 сая гаруй хүн амтай тус улс эм зүй, мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн бөгөөд ДНБ нь 60 орчим тэрбум ам.доллар юм байна.