sonin.mn

БНСВУ-ын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ сарын 16-19-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Д.Дорлигжав  Нгуен Хоа Бин-тэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  

Хоёр тал 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2014 онд өргөн хүрээтэй тэмдэглэхээр тохиролцсон.

Тус ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор Вьетнам Улсад ийнхүү айлчилж байгаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.   

Хоёр орны хооронд 1976 онд байгуулсан Эрхийн туслалцаа харилцан үзүүлэх Ерөнхий хэлэлцээрт түшиглэн  “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хооронд хамтран ажиллах  Протокол”-т гарын үсэг зурав.

Хоёр тал прокурорын ажилтан, судлаач харилцан илгээж туршлага судлах, мэдээлэл солилцох, урт, богино хугацаагаар боловсон хүчин бэлтгэх,  олон улсын болон бүс нутагт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн, Ерөнхий прокурор Д.Дорлигжав Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-д бараалхлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг-д илгээсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг  уламжилж, Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Вьетнам Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Мөн Вьетнамын прокурор, шүүх байгууллагын удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийнхээ талаар танилцуулав.

Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг “2014 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Монгол Улсын Ерөнхий прокурорын Вьетнам Улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь тус ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.

Вьетнам Улс, Монгол Улстай улс төр, эдийн засаг, худалдаа болон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Бид хоёр орны хооронд хэрэгжүүлж ирсэн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээг цаашид ч үргэлжлүүлж тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна” гээд Монгол, Вьетнамын прокурорын байгууллага хооронд харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсанд баяр хүргэж,  баримт бичгийн заалтуудыг ажил хэрэг болгож биелүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.