sonin.mn

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт хотод боллоо.  Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд ЭХЯ-ны удирдлага, газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, гишүүд,  эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал гэх мэт 80 гаруй хүн оролцож, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын хэтийн бодлого төлөвлөлтийн асуудлыг  хэлэлцлээ.

Зөвлөгөөний эхэнд Эрчим хүчний сайд М.Сономпил тавьсан илтгэлдээ “ Манай салбарын хамт олон 2013 онд 7 сая тонн нүүрс олборлож, 5 тэрбум 132 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн ОХУ болон БНХАУ-аас 430 сая кВт цаг цахилгаан импортоор худалдан авч, 23,1 сая кВт цаг цахилгаан экспортолсон байна.  4 тэрбум кВт цаг цахилгаан, 6,9 сая Гкал эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлжээ. Цахилгааны борлуулалт 2012 оныхоос 6,4 хувиар өссөн байна.

 Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 117,1 тэрбум төгрөгийн нийт 144 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл арга хэмжээний 85 ажлын барилга угсралтын ажил дуусч улсын комисс хүлээн аваад байна.

2014 онд улсын төсвийн 147,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 69 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил хийхээс 36 ажлыг шинээр эхлүүлнэ. Чингис бондын хөрөнгөөр 50 сая ам.долларын ажил, Хөгжлийн банкны зээлээр 180 сая ам.долларын ажил, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажил тус тус хийнэ” гэлээ.

Дараа нь эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, үнэ тарифын бодлогын тухай Эрчим хчүний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр илтгэл тавьлаа.

Тэрээр илтгэлдээ “2013 онд хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ тарифыг өсгөж, салбарын орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн хэдий ч импортын цахилгаан эрчим хүчний үнийн болон валютын ханшийн өөрчлөлт, харьцангуй өндөр үнэтэй салхин цахилгаан станцын үйлдвэрлэлтийн хэмжээ, нүүрсний тээврийн тарифын болон эрчим хүчний компаниудын зардлын өсөлтийн нөлөөнөөс хамаарч 2013 онд салбарын алдагдал тооцож байснаас нэмэгдэж гарсан ба 2014 онд ч өсөн хандлагатай байна.

Цаашид цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн үнэ тарифын хувьд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хүчдэлийн түвшнээс хамаарсан шатлалт тарифыг нэвтрүүлэх, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн өртөг зардалд нөлөөлж буй макро эдийн засгийн болон бусад хүчин зүйлүүдийн судалгааг хийж эррчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журмыг шинээр боловсруулах, эхний ээлжинд ахуйн хэрэглээний тарифыг индексжүүлэх байдлаар тогтоох хэрэгтэй” гэв.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн нь анх удаагаа орон нутагт болж байгаагийн хувьд тухайн орон нутгийн түвшинд тулгамдаж байгаа асуудлыг бас хөндөн ярилцлаа.

Тухайлбал “Эрдэнэтийн ДЦС-ын өнөөгийн байдал, өргөтгөлийн ажлын явц, тулгамдаж буй асуудал”-ын талаар Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ны гүйцэтгэх захирал О.Ганбаатар, “Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-аар “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Ч.Баттуяа нар мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний дараагийн сэдэв нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа Мега төслүүдийн явцын талаарх мэдээлэл байлаа. Тухайлбал, “Тавантолгойн цахилгаан станц”, “Эгийн голын УЦС”, “Улаанбаатарын ДЦС-5”-ын талаар төсөл, нэгжийн удирдагч нар нь тодорхой мэдээлэл өглөө.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал нарт тодорхой асуудлаар албан даалгавар өглөө.