sonin.mn
  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.04.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нар танилцуулав.
 
 Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.
 
 Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээ тогтоосон бол Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тооцохоор тогтоосон байдаг.
 
Үүнээс үүдэж ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол эсрэгээрээ ханш буурсан нөхцөлд төсвийн орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлдөг учраас ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулжээ.
 
Ингэхдээ Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх бодит орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримталсан гэдгээ Сангийн сайд хэллээ.
 
 Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
 
 Харин хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улс экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх бус харин архи, тамхинд татварын хөнгөлөлт үзүүлж импортыг дэмжиж байгаа нь буруу юм, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат баялаг хэн бүтээдэг, орлого хэн бүрдүүлдэг талаар ухаалаг хандаж аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үзүүлэхгүйгээр татварын багц хуулийн хүрээнд цогцоор нь оруулж ирж шийдвэрлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат валютын ханшийг бодитой зөв тооцоолоод төсөвт алдагдалгүй хэлбэрээр хуулийн төслийг өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье, эдийн засгийн хямралаас улс орноо гаргая гэсэн Засгийн газрын бодлого байгаа бол ам.доллараар тооцсон албан татваруудаа тодорхой бүтээгдэхүүнүүд дээр харгалзан бууруулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг төслийг хэлэлцэхийг дэмжиж байна, харин хэлэлцүүлгийн шатанд архи, тамхи, тансаг хэрэглээний зарим автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Төсвийн тухай хуулиар төсвийн жилийн дундуур баталсан төсвийн орлого бууруулахтай холбоотой хууль дараагийн санхүүгийн жилээс эхлэн хэрэгжих ёстой тул мөрдөх хугацааг дараагийн жилээс болгох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн татварын тэгш бус байдлыг аж ахуйн нэгжүүдийн дунд үүсгэхээр байгаа тул татварын хэмжээг бууруулсан байдлаар оруулж ирсэн нь буруу гэсэн саналууд гаргажээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
 
 Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн.
 
 Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар үг хэлэв.
 
Ингээд Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 60 нь буюу 90.9 хувь нь татгалзсанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
 
 Дараа нь зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.
 
 Чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.