sonin.mn
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, залуусын эх орноо батлан хамгаалах үйлсийг дэмжих, 2013 оны нэг, хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан цэргийн албаа хааж байгаа залуусыг эргэх, санал сэтгэгдлийг нь сонсох ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулж дууслаа.
 
Сүхбаатар дүүргийн залуус нийтдээ цэргийн есөн ангид хуваарилагдан хугацаат цэргийн албаа хааж байгаа юм.
 
Өчигдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт Холбооны хэмээн нэрийддэг Зэвсэгт хүчний 013 дугаар анги, хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай 326  дугаар анги, Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит 120 дугаар ангид алба хааж буй залуусаа эргэлээ.
 
Дүүргийн маань залуус анги бүртээ шилдэг тэргүүний хэмээн магтагдаж байлаа.
 
Тухайлбал: Зэвсэгт хүчний 326 ангийн байлдагч, спортын мастер, Г.Болд-Эрдэнэ, 013 дугаар ангийн байлдагч, Малайзын Тейлорс коллежийг механик, инженер мэргэжлээр  төгссөн Д.Санжаа,  Б.Залуудай салаан захирагчийн орлогч, түрүүч цолтой, 120 дугаар ангийн байлдагч П.Дэлгэрсүрэн нар бусдыгаа манлайлан албаа хааж байна.
 
Мөн дээрх ангиудын нийт бие бүрэлдэхүүн өөрсдийн гараар анги байраа тохижуулж, бүтээн байгуулалтын их ажил өрнүүлж байлаа.