sonin.mn

Монгол Үндэсний Ардчилсан Намын Мэдэгдэл

УИХ дээр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр санал хураалт явагдсантай холбоотой цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаар МҮАН мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ.

1.    Олон түмний дунд “давхар дээл” гэдэг нэртэйгээр яригдаж буй Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д оруулсан билээ. Төсөл нь зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай байсан юм. Уг хуулийг хэлэлцүүлэх явцад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг байж болох тухай асуудлыг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх үүднээс Улсын Их Хурлын гишүүн М. Батчимэг болон Ардчилсан Намын бүлэг Засгийн газрын гишүүдийн 30, 50 хүртэл хувийг УИХ-ын гишүүдээс байж болох тухай санал оруулсныг манай нам зөв хэмээн үзэж байсан билээ. Харамсалтай нь эдгээр саналыг УИХ-ын чуулган дээр албан ёсоор татан авлаа.

2.    Санал хураалтын үр дүн нь  Засгийн газрын гишүүдээс зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай байдлыг бий болгосон нь туйлшрал гэж  МҮАН үзэж байна. Санал хураалтын үр дүн нь улс төрийн тогтворгүй байдлыг өдөөх ноцтой үр дагавартай.

3.    Үүссэн нөхцөл байдалд Монгол Улсын Ерөнхийлөгчид төслөө эргүүлэн татаж авахыг санал болгож байна.

4.    УИХ дээр “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн дийлэнх гишүүдийн өгсөн саналыг үндэсний эрх ашгийг хамгаалах, тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бололцоог бий болгоход чиглэсэн зөв алхам  гэж МҮАН үзэж байна.

5.    Цаг зуурын популист улс төр МҮАН-ын байр суурь биш. Манай намын энэхүү байр суурийг “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлэг, МАН-ын бүлэг, ялангуяа бидэнтэй Шинэчлэлийн Засгийн газар байгуулан ажиллаж байгаа АН-ын бүлгийн гишүүд анхааралдаа авч ажиллахыг уриалж байна.


Монгол Үндэсний Ардчилсан Нам