sonin.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний барилга барих төсөл 2012 оны НИТХ-аас баталсан   орон нутгийн концессын зүйлийн жагсаалтад багтсан байна.  Тус ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх эрхийг “Асар өргөө” ХХК авчээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь анх 1946 онд баригдсанаас хойш өнөөг хүртэл их засвар хийгээгүй бөгөөд  барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний одоогийн төлөв байдал нь, барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй,  ажиллах орчин нөхцөл хангалттгүй болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2010 оны 07-262/770 тоот дүгнэлтийн дагуу хуучин барилгыг буулгахаар болсон байна.

“Асар Өргөө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилгыг буулгаж 15*45 м2 сууриараа 675 м2 талбай бүхий 00 түвшнээс доош 2 давхар автомашины зогсоолтой нийт 12 150 м2 талбай бүхий 15 давхар барилга барилгыг 3 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж 2016 оны ашиглалтад оруулах юм.  

Шинээр барьсан барилгын 4 114 м2 талбайг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар концессын гэрээнд тусгасан гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.