sonin.mn

Хэдэн сарын турш олны анхааралд байсан “Давхар дээл”-ийн тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихыг хязгаарлах уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны зургадугаар сард УИХ-д өргөн барьсан байдаг.

Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү эхний хэлэлцүүлгийг хийлээ. Цөөнхийн бүлэг энэ асуудлыг хүчтэй ярьснаар тэдний хүсэл нэг алхмаар биелсэн гэж хэлж болно. Харин МАН- ынхантай санал нэгдэж, өөрийн намынхаа эсрэг санал өгсөн АН-ын дөрвөн гишүүнийг олон нийт өөр өөрийн байр сууринаас харж байна.

Намынхаа “Давхар дээл”тэй сайд нарыг нэн даруй дээлээ тайл гэж Р.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарын гишүүн эсрэг кноп дарсан. Энэ сонголтынх нь талаар болон цаг үеийн сэдвээр УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилцлаа.

-УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл”-ийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд хууль хэрэгжих хугацааны тухайд янз бүрийн байр суурьтай байсан. “Давхар дээл”-тэй сайд нарын олонхи нь танай намынх байгаа. Гэтэл та Ардын намынхантай санал нэгдэж, тэдний “Давхар дээл”-ийг энэ оноос тайлах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Таны сонголтыг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байна?

-Хэвлэл, мэдээллээр гарч байгаа мэдээллээс харахад ганц хоёр гишүүн гэнэт цоороод нөгөө талд кноп дарсан мэтээр яриад байна л даа. Тийм юм байхгүй. Манай нам өөрөө ардчилсан үзэл баримтлалтай. Фракцийн зарчмыг хүлээн зөвшөөрдөг. АН-ын бүлгийн хурал дээр бид хоёр, гурван сарын хугацаанд энэ асуудлаар ярьсаар ирсэн. Нэг бус удаа санал хурааж байсан. Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын оролцоотой хүртэл ярьж байлаа.

Тэр бүгд дээр миний улс төрийн сонголт, байр суурь нэг хэвэндээ л байсан. Тухайн үед шүүмжлэлээ ч бүлэг дотроо байнга нээлттэй ярьж, өөрийн бодол санаагаа илэрхийлдэг байсан юм. Чухамдаа УИХ-ын гишүүн М.Зоригт улс төрийн ийм сонголттой хүн шүү гэдгийг манай намын нөхөд эртнээс мэдэж байсан. Тийм учраас намайг эсрэг талд кноп дарахад манай намынханд тийм ч цочирдмоор зүйл байгаагүй гэж бодож байна.

-Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы эцсийн хэлэлцүүлгээр энэ асуудал орно. Цаашид та энэ байр сууриа хадгалах уу?

-Би Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш учраас тэр санал хураалтад оролцох боломжгүй. Энэ асуудлыг дахиж хэлэлцэхгүй. Хэлэлцэхээр байсан ч өндөр босготой санал авч байж, эргэж орж ирэх учиртай. Тийм учраас энэ чигээрээ цаашаа явах байх гэж бодож байна. Мэдээж цаашид миний байр суурь хэвээр байх болно.

УИХ- ын нийт гишүүн “Давхар дээл”-ээ нэн даруй тайлах нь зүйтэй гэдэгт санал нэгдчихээд байна. Гэхдээ үүнд зарчмын ялгаа л байна. 100 хувь байх уу эсвэл 40,50 уу гэдэг зарчмын зөрүү л байгаа юм. Нэгэнт нийгмээрээ шийдэлд хүрчихсэн тохиолдолд бид шийдэж болох зүйлийг хойшлуулахгүй байх нь зүйтэй.

-“Давхар дээл”-ийн тухай хуулийг хэлэлцэх үеэр “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тогтоолын төсөл оруулж ирлээ” гэх зүйлийг чуулганаар ярьж байсан?

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан. Тиймээс “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд зөрчилтэй илэрхийлэл байж магадгүй” гэсэн эмзэглэл байсан. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэх явцад УИХ-д “Ерөнхий сайдаас авахуулаад ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар УИХ-ын гишүүн байж болно” гэсэн тодотгол засвар орсон учраас өнөөдрийн хэлэлцэж байгаа хэлбэр нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж ойлгож байгаа.

-“Давхар дээл”-ийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэсэн” мэдээлэл байгаа. Хэрвээ үнэхээр хориг тавьчихвал хууль хэрэгжих нь худлаа болчих юм биш үү?

-Хориг тавих эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бий. Түүнийгээ хэрэгжүүлэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

-Засгийн газарын цаашдын зураглалыг та хэрхэн харж байна вэ. “Давхар дээл”-ийг энэ оноос тайлах санал олонхийн дэмжлэг авснаар олон зүйлд өөрчлөлт орно гэсэн таамгийг дэвшүүлж байгаа нэлээд хүн байна л даа. Ер нь 2014 оны долдугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээр Засгийн газарт хүндрэл учрах болов уу?

-Учрахгүй. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг байдгаараа байна. Гол чиг үүргийн сайд нар нь хэвээрээ үлдэнэ. Ер нь өнөөдрийн Засгийн газрын бүтцэд сайдаасаа дутахааргүй шахуу эрх мэдэлтэй, чадвар мэдлэг бүхий УИХ-ын гишүүн биш сайд нар байна.

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй. Харин энэ оны долдугаар сарын 1-ээс хойш магадгүй бидний зорьж байгаа ухаалаг төрийн элементүүд орж ирэх байх. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээрээ ажиллах эрүүл систем рүү түрүүлж орох нь монголчууд бидэнд л хожоотой.

-Тэгвэл 2014 оны долдугаар сарын 1-ээс хуулийг хэрэгжүүлж эхэлснээр энэ удаагийн парламентын үйл ажиллагаанд эерэг үр дүн хэр их авчрах бол?

-Маш их эерэг нөлөөлөл авчирна. Засгийн газрын гишүүд тэр аяараа шахуу УИХ-ын гишүүн болчихоор Засгийн газрын гишүүдийн УИХ-даа нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр болчихоод байгаа юм. Тэгэхээр Засгийн газар нь хуралдаад байна уу, УИХ нь юм уу гэдэг нь ялгагдахаа больчихож байна шүү дээ.

Зарим байнгын хороо, нам, бүлгийн хурал хоорондоо бараг ялгаагүй болчих жишээтэй. Жишээ нь, Ардчилсан намын зарим хурлыг ялгахад хэцүү байдалтай байгаа. Зүй нь энэ бүхний зааг салж байж, УИХ нь бодлогын чанартай ажлаа хийх боломжтой болно. Хяналт тавих боломж нь дээшилнэ. УИХ Засгийн газрыг шахаж, түлхэж ташуурдаж ажиллах боломж нь бүрдэх боломжтой болно гээд эерэг үр дүн их.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг хэрэгжүүлэхэд олонхи санал нэгдсэнээр ухаалаг төр рүү нэг алхам ойртлоо гэсэн мессеж их явж байна л даа?

-Ямар ч байсан ухаалаг төр рүү ойртоход хувь нэмрээ оруулсандаа их баяртай байгаа.

-Энэ хуулийг хэлэлцэх явцад “Өмнөх Засгийн газарт ч гэсэн давхар дээлтнүүд цөөнгүй байсан. Гэтэл энэ удаад нийтээрээ ад үзээд байна” гэсэн барьцах өнгө аяс их байлаа. Үүнийг та хэрхэн дүгнэх вэ?

-Засгийн газар бүрийн онцлог гэж байна. Тэр нь УИХ-ын бүтцээс шууд хамаардаг. Жишээлбэл, өмнөх Засгийн газрын үед олонхи, цөөнх хоёр нь нийлээд маш том бүлэг байгуулсан байсан учраас бүлгийн гишүүд нь УИХ- ын гишүүдийн 100 хувь болсон тэр тохиолдолд тодорхой тооны УИХ-ын гишүүнийг Засгийн газарт оруулахад асуудал байхгүй.

Гэтэл өнөөдөр Засаг барьж байгаа тал 40-өөдхөн УИХ-ын гишүүнтэй. Тэдний тэн хагас нь Засгийн газарт орчихно гэхээр эрүүл харьцаа алга болчихоод байгаа юм. Жишээлбэл, өнөөдрийн зохицуулал ёсоор Засгийн газарт 4-5 УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байвал 40 гаруй УИХ-ын гишүүнтэй олонхид нөлөөлөхгүй. УИХ, Засгийн газрын зохистой харьцаа хадгалагдаж чадна гэсэн үг. Магадгүй өнөөдөр олонхи нь энэ удаагийн УИХ-д 50- 60 хүнтэй байсан бол энэ асуудал босохгүй байж болох л байсан байх.

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө янз бүрийн таамаг байсан. Сөрөг хүчин гэдэг утгаараа Ардын намынхан “Давхар дээл” тайлах асуудлыг их хүчтэй ярилаа л даа. Харин яг кноп дарах үед тэдэнтэй санал нэгдэх АН- ын гишүүн цөөнгүй байгаа гэсэн мэдээлэл их гарсан. Үүнтэй зэрэгцээд тэдний энэ сонголтод хориг тавих, дарамт шахалт үзүүлэх асуудал ч гарч байна гэсэн мэдээлэл гарсан. Эсрэг кноп дарсан хүний хувьд таны байр суурьд нөлөөлөх оролдлого намаас тань гарав уу. Танай намаас гурван ч гишүүн эсрэг кноп дарсан. Магадгүй түүнээс олон гишүүн ийм саналтай байсан байж болох юм?

-АН-ыг бүлэг дотроо ил тод ярьдаг. УИХ-ын гишүүд намын бүлэг дээр аливаа байр суурь илэрхийлснийхээ төлөө шахалтад орж үзээгүй. Тэгэх ч ёсгүй. Дээр дурдсанчлан миний хувьд өөрийн байр сууриа илэрхийлсээр гурван ч сар болсон. Олон нийтэд ярьдаггүй байсан болохоос нам дотроо өөрийн саналаа нээлттэй илэрхийлсэн. Миний сонголтын төлөө намайг хавчих, дараагийн хуралд оруулахгүй байх гэх мэт байдал ерөөсөө ажиглагдаагүй.

Мэдээж хууль хэрэгжих хугацааг нааш нь татах ёстой гэдэгт олон гишүүн санал нэгдэж байсан нь үнэн. Гэхдээ яг саналаа өгөх мөчид өөр сонголт хийсэн нь хүн л болсон хойно янз бүрийн учир шалтгаантай. Магадгүй өмнө байсан итгэл үнэмшилтэй байсан зүйл нь биш байсан ч байж болно. Түүнд хүн бүр л өөрийн тайлбарыг хийх байх. АН-ын зүгээс янз бүрийн дарамт байхгүй.

-Ардчилсан намын гишүүн хүний хувьд та намаа хэр ажиллаж байна гэж дүгнэдэг вэ?

-Ер нь их чармайж байгаа. Хичээж байх шиг байна. Их олон зүйлийг амжуулж байгаа. “Давхар дээл”-ийн талаарх ойлголт бол Засгийн газарт муу, сайн дүн тавих асуудал биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өнөөдөр энэ тогтолцоог илүү ухаалаг болгоё, илүү зөв зохицолдлоготой болгоё. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээрээр ажилладаг байя гэдэг ухаалаг төрийн бодлого л явж байгаа юм шүү дээ. Шийдэж болох юмыг заавал маргааш нөгөөдөр гэж хойшлуулж яах юм.

Аль болох наана шийдэж чадвал Монголын нийгэм, улстөрд л хэрэгтэй шүү дээ. Үр дагавар мэдээж иргэн бүрт наалдаж очно. Үүний төлөө л санал өгч байгаа хэрэг. Төр засгийн интитуциуд өөр хоорондоо зүй зохистой ажиллах горим л алдагдчихаад байгаа болохоос Засгийн газар чармайж байгаа. Хүчин зүтгэл гаргаж байна.

-“Давхар дээл”-ийн талаар ярьж байхад Ардын намаас танай намын гишүүн сайд нарт “Та өөрийнхөө төлөө кноп дарж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл хууль зөрчсөн асуудал болно” гэсэн сануулга, шаардлага өгснийхөө төлөө УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд шалгуулахаар болоод байгаа. Сануулга явуулах нь үнэхээр гишүүдийн бүрэн эрхэд халдсан үйлдэл мөн үү?

-Ашиг сонирхлын тухай хуулийн зохицуулалтыг хувьдаа сургуультай хүн боловсролын хуультай холбоотой асуудалд санал өгөхөд нээрээ л зохимжгүй гэж хардаг. Жишээлбэл, Байгаль орчны талаар хэлэлцэж байхад С.Оюун сайд байхгүй байж болохгүй шүү дээ. Энэ тохиолдолд хувийн асуудал нь биш нийтийн төлөөх ажил ярьж байгаа учраас салбарын сайд нь заавал байх ёстой.

С.Оюун сайдыг УИХ-ын гишүүнийхээ эрхийг хэрэгжүүлэхэд сайдын албан тушаал нь ямар нэгэн байдлаар садаа болох ёсгүй л гэж би үздэг. Ардын намынхан бол сайдын ажиллах хугацааг хэлэлцэх гэж байхад сайдын ашиг сонирхолд халгаатай л гэж яриад байгаа юм. Би бол тэгж үзэхгүй байгаа. Магадгүй С.Оюун сайд энэ суудалдаа илүү олон жил байснаар тэр салбарын бодлогод хэрэгтэй байж болно. С.Оюун сайд шиг ажлаа хийдэг, салбараа удирддаг сайд байх хэрэгтэй шүү дээ.

-АН-ын гишүүд сайдын албан тушаалыг давхар хашсанаар эдийн засгийн байдлаас эхлээд маш олон салбар хэцүү байдалд орчихлоо гэж олон хүн ярьж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Монгол Улсын эдийн засаг нэг, хоёрхон сайдаас болж өөрчлөгддөг юм биш. Эдийн засаг тийм сайн биш байгаа нь үндсэндээ гаднаас мөнгө орж ирдэг, гадагшаа борлуулалт хийгээд хариуд нь мөнгө олдог тэр бараа, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсантай холбоотой. Үүнээс өөр тайлбар байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэр явж байгаа талаар танд мэдээлэл байна уу. Эдийн засгийн хувьд бас л хүндрэлтэй байдалд орчихоод байгаа гэх мэдээлэл бий.

-Сайн биш байх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл тэр компанийн үндсэн үйл ажиллагаа нүүрс олборлож гадагш нь зарах. Олборлоод зараад байхад үнэ ханш нь тийм доогуур байвал ямар өөдтэй байх вэ дээ.

-Дээрээс нь “Чалко”-гийн өр бий.

-“Чалко”-гийн өр гэснээс нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 30 ам.доллар ч хүрэхгүй байна. Олборлолт болон хүргэж өгөх зардал нь бараг энэ хэмжээнд хүрнэ. Ер нь өртөг, зардал хоёр нь тэнцчихсэн гэсэн үг. Гэтэл саяхан 2011-2012 оны үед нүүрсний үнэ 130 ам.доллар хүрч байлаа. Тэр үед асар их хэмжээний мөнгө орж ирж байхад ирээдүй рүүгээ хандсан ажил хийгээгүй.

Дөрвөн тэрбум ам.долларыг зүгээр тараачихсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Үүнд өмнөх Засгийн газрыг буруутгахаас өөр аргагүй. Дөрвөн тэрбум төгрөгийг зүгээр тараасанд би их харамсдаг.

-“ЭМ СИ ЭС”, “Монгол газар” гэх мэт томоохон компанийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Эдгээр компаниудын захирлууд Засгийн газраас дэмжлэг хүссэн гэсэн мэдээлэл байна. Валютын ханш өссөн нь ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн ч гэх юм?

-Монгол Улсын эдийн засаг хэдхэн зүйлээс хамаардаг. Зэс, нүүрсний үнэ ханш энд томоохон байр суурь эзэлнэ. Тийм учраас Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хэцүү байдалд ороход түүнийг дагалдах бүх салбар адилхан болно гэсэн үг. Долоон буудлын нэг эмээгийн амьдралд ч нөлөөлнө. “ЭМ СИ ЭС” гэх мэт бусад томоохон компаниудын үйл ажиллагаанд ч шууд нөлөөлнө.

Том эдийн засагт илүү том цохилт болно. Бага эдийн засагт тэр дундаа хувь хүний амьдрал цаашлаад жижиг,дунд бизнес эрхлэгчдэд арай гайгүй тусах учиртай. Томоохон компаниудад том нөлөөлөл үзүүлж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Тийм амар биш байх ёстой.

-Эрх баригч намын гишүүний хувьд асуухад энэ хүндрэлд ороод байгаа салбаруудад дэмжлэг үзүүлэх боломж Засгийн газарт хэр байгаа бол?

-Энэ хүмүүс юу яриад ямар хэлэлцээр хийснийг мэдэхгүй байна. Гэхдээ Монголын төр хувийн хэвшлийнхээ бизнесийг байнга дэмжиж байх ёстой. Тэр байтугай гадаад бодлого, гадаад эдийн засгийн болон бусад харилцаандаа үндэсний компаниудынхаа эрх ашгийг дандаа хамгийн түрүүнд тавьж явах ёстой.

Дотооддоо ч гэсэн тэднийгээ дэмжиж явах учиртай. Ингэж хувь хүн ч бай, хувийн хэвшил ч бай жижиг, том гэлгүй бүхий л бизнесээ дэмжиж байж Монгол Улс дээшлэх юм. Монголын төр мөнгөтэй болсноор баян болох биш иргэд нь баян болж байж улс нь баян болох зарчим үйлчлэх ёстой.

М. Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин