sonin.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.

Тус байгууллага нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог  боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь  энэ оны 4 дүгээр сараас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор  нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж  эхэллээ.

Програмыг үйлчилгээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс таван толгой” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна. Тус програмын гүйцэтгэгчээр “Тider solution” хэмээх үндэсний үйлвэрлэгч компани ажиллаж байгаа бөгөөд энэхүү програм нь монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээл юм.

Гашуунсухайт боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 1600, жирийн үед 800-900 орчим нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг бөгөөд жолооч нар штамп даруулахаар дараалалд зогсч багагүй цаг хугацаа алддаг байсан юм.

Програм ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгагч орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягталж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих юм.

Монгол Улсын иргэд хурууны хээгээр хил нэвтэрдэг болно

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж  “Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

Энэ хүрээнд  эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор  нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ.Ийнхүү дэлхийн технологийг Гашуунсухайтын боомтод амжилттай нутагшуулж эхэлсэн нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Хурууны хээгээр хил нэвтрүүлэх програм ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэн Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах юм. Бид цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй,

Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг 2014 ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна”.

Төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай болгож байгаад баяртай байна

Жолооч, Б.Гантөмөр “Нүүрс, баяжмал тээвэрлэж байгаа жолооч нар хил нэвтрэх дээ штамп даруулах гэж дараалалд зогсч нэлээд цаг хугацаа алддаг байсан. Жолооч нарыг  хурууны хээгээр бүртгэж, улсын хил нэвтрүүлдэг болсноор машинаасаа бууж дараалалд зогсох шаардлагагүй боллоо. Төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай болгож байгаад баяртай байна”