sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцсэн байна.

Хяналтын тухай хуулийг нэг жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцээд  дэмжээгүй. Учир нь тус хууль нь нэгдсэн бүтэц зохион байгуулалттай, төлөвшсөн Мэргэжлийн хяналтын байгууллагыг тусад нь салгах гэсэн асуудал байсан. Гэтэл УИХ-аар унасан асуудлыг үг, үсгийг нь өөрчлөхгүйгээр Засгийн газраас дахин өргөн барьсан байна хэмээн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Тиймээс уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд Мэргэжлийн хяналтын чиг үүргийг задалж болох ч яамд дээр бус төрийн бус байгууллага дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн байна. Хяналтын хуулиар МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Мөн Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг яаралтай  батлуулахаар УИХ-д өргөн барьсныг хэлэлцжээ. Засгийн газар нийгмээс шүүмжлэл хүлээгээд энэ тогтоолыг эргүүлэн татсан байсан. Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хоёрыг эргүүлэн татаад дахин өргөн барьж байгаа нь Засгийн газар бодлогогүй байна гэж үзээд МАН-ын бүлгийн зүгээс санал дүгнэлтээ Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцүүлэх үеэр танилцуулна гэлээ. Мөн ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болсон байна.  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газраас эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах уу гэдэг асуулт байна. Мөн өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр эдийн засаг хямарсан гэдэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ч санал нэгдсэн. Засгийн газар бодит байдалтай эвлэрч, үүнээс гарахын тулд УИХ-д хандаж байна гэж ойлгож байна. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэлээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг  өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч энэ хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын танхимын  зарчмаар ажиллах байр сууриа зөрчиж хуулийн төсөл өргөн барьсан нь буруу байна, Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаагүй байна гэж үзэж С.Эрдэнэ сайдын хуулийг дэмжих боломжгүй  гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь МАН-ын бүлгийг Хамтын тэтгэврийн хуулийг гацааж байна гэсэн дүгнэлт буруу байсан гэдгийг нотолсон шийдвэр болсныг МАН-ын бүлгийн дарга онцлов.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд зарим төрийн компаниудыг хувьчлах асуудал тусгагдсан. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн өмчийг хувьчлах асуудал явагдаж байна. 1996-2000 онд төрийн өмчийн компаниудыг хувьчилж байсан. Тэр нь одоо хэний мэдэлд байгааг ард түмэн мэдэж байгаа. Үнэхээр зөв зүйтэй, үр дүнтэй хувьчлал хийнэ гэвэл МАН дэмжинэ. Хуучин шиг бие биедээ найр тавих гэж өмчлөл оруулж ирж байгаа бол бид дэмжихгүй.

- МАН-ынхан Д.Сугарыг албан тушаалд нь авч үлдэх асуудлаар арга хэмжээ авч байгаа гэсэн. Ямар учраас өмгөөлөөд байна вэ гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар 2004 онд Төрийн өмчийн хорооны дарга болсноос хойш Төрийн албаны хуулиар МАН-аас татгалзсан. МАН-ын бүлгийн зүгээс энэ хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа зүйл байхгүй. Аливаа асуудалд УИХ дээр ултай, суурьтай шийдвэр гарах ёстой.  Үндсэн хууль шийдэх асуудлыг  УИХ дээр оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс нухацтай судалж байж хэлэлцэе гэдэг дээр МАН-ын гишүүд бус бусад гишүүд ч дэмжиж байсан.

- "Давхар дээл”-ийг тайлах төслийг хэрэгжүүлэх хугацаа энэ онд хэрэгжихээр эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн.  Хэрэв энэ хэвээр батлагдвал Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч хориг тавих эсэх дээр би хэлж мэдэхгүй. Засгийн газар огцрохгүй байх бололцоотой. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Шадар сайд, Ерөнхий сайд нь огцрохгүй. Мөн жагсаалтаар орж ирсэн гишүүд нь УИХ-аас татгалзвал Засгийн газар огцрохгүй байж болно. Өнөөдөр бодлогогүй, төрлийн алба болсон Засгийн газрыг бодлоготой, ухаалаг болгоё л гэсэн санаа юм.