sonin.mn

“Эрүүл мэндийн даат­галын цэнхэр шиг хэрэггүй зүйл алга” гэж бухимдах иргэн цөөнгүй. Учир юу гэвээс иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр байхад насны эцэст эмнэлэг бараадна, үнэ төл­бөргүй эмчилгээ хийлгэнэ гэж боддог. Харин на­рийн мэргэж­лийн мэс за­сал, шинжилгээ, MRA-д ха­руу­­лахад Эрүүл мэндийн даат­галын дэвтэр өчүүхэн ч хэрэг болдоггүй. Насаараа шахам эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд эм­нэ­лэгт хандахад өөдөөс нь төлбөр мөнгө нэхдэг.

Эрүүл мэндээ бодон тат­вар төлсөн хадгаламжийн дэв­тэр болох даатгалын цэнх­рээ гаргаад ирэнгүүт “Наа­дах чинь үйлчлэхгүй, ор хоногийн 60 мян­ган төгрөг төл” гээд дарам­талчихдаг. Улсын эмнэлэгт ч гэсэн тархины бичлэг хийлгэхээс өгсүүлээд эм тариагаа хүр­тэл гаднаас зөөнө. Тиймээс иргэд “Тэр цэнхэр дэвтрийн ид шид хаана байна” хэмээн бухим­дахад хүрдэг.

Гэтэл төр засгийн зүгээс Эрүүл мэндийн салбарт чадлынхаа хэрээр мөнгө төсөвлөдөг, өгдөг байх юм.
Тухайлбал эмнэлгүүдийн ор хоногийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. Жилдээ л гэхэд 171 эмнэлэг 133 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг байх юм. Өөрөөр хэлбэл иргэн таны эрүүл мэндийн даатгалд сар болгон төлдөг мөнгө 171 эмнэлэгт эмчилгээ, ор хоногийн мөнгө болон хуваарилагдан очдог. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн мөнгө авах гэсэн уралдаан явагдаж, гурван ортой, 300 ортой хэмээн мөнгө нэхсэн нэхэмжлэлүүд Эрүүл мэндийн яам дээгүүр “нисэлдэж” байх юм.

Саяхан Эрүүл мэндийн яамаар шагайхад уушиг зүрх нь сагсайсан хувийн эм­нэлгийн захирлууд сал­барын сайд Н.Удвалыг барьж идэх нь. Цаадах нь юу хийсэн юм бэ гэхээр зарим эмнэлгийн орны тоог хасчихсан гэнэ. Гурван өрөө байрандаа 30 ор тавьчихаад эмчилгээ хийдэг зарим эмнэлгүүдийг 15 ортой болгоод явуулчихсан юм байх. Яг үнэндээ бол тооцоо судалгаа авсан юм билээ.

Хувийн эмнэлгүүд хэтэр­хий их мөнгө хөөдөг, гадуур эмчлүүлж болох өвчтөнийг заавал хэвтүүлдэг, өвчтөний хуурамч түүх зохиодог гэх мэт шүүмж байдаг бай­на. Тийм учраас зарим эмнэлэг, сувиллын ор хоно­гийн мөн­гийг хасчээ. Үнэндээ бол гурван өрөө байранд 30 ор байх ямар ч үндэслэлгүй. 30 орны мөнгийг гуч хоногт үржүүлээд Эрүүл мэндийн яамнаас хэдэн зуун саяар нь нэхээд байдаг. Эрүүл мэндийн яам төвөгшөөсөндөө бус судалгаа хийсний дээр үндэслэн ор хоногийн мөнгийг хассан болох нь харагдана.

“Мойлтын тохой” гэдэг сувилал 170 ортой гээд санхүүжилт авдаг байсан байх юм. Гэтэл Эрүүл мэн­дийн яамнаас энэ жил орны тоог нь 70 болгон буу­руулсан байна. Энэ тооноос харахад “Мойлтын тохой” гэдэг сувиллын газар урьд өмнө 170 ортой хэмээн илүү мөнгө авч байсан уу гэх хардлага төрнө.

Мөн “Ачит эх” эмнэлгийн 25 орыг 10, “Авецина” эм­­нэлгийн 73 орыг 43, “Аюурвед” эм­нэлгийн 55 орыг 35, “Энх ундарга” эмнэлгийн 80 орыг 45 болгон бууруулжээ.

Эдгээр эмнэлэг тийм олон ортой байсан уу, үгүй юү гэдгийг татвар, Мэргэжлийн хяналтын байцаагчдаас тод­руулахад “Яг үнэндээ бол ихэнх хувийн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг юм билээ.

Эмнэлгүүдийн олонхи нь өөрийн гэсэн байр оронгүй байдаг. Зарим нь бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас амь зогоож байгаа” гэсэн хариулт өгсөн. Нэг хэсэг эмч нар өвчтөний хуурамч түүх бичин Эрүүл мэндийн даатгалын санг цөлмөж байсан билээ. Одоо ч гэсэн энэ хууль бус асуудлыг зогсоож чадахгүй байгаа юм. Хувьсах зардалд нь ор хоногийн мөнгө ордог.

Хувийн эмнэлэг, сувил­лууд ор хоногийн мөнгийг даатгалын сангаас авах хэ­р­­нээ иргэдээс давхар ав­на. Өвчтөнийг арав хоног хэвтүүлэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сан­гаас 175 мянган төгрөг авдаг хэрнээ иргэнээс 600 мянгыг авч орхино.Ху­вийн эмнэлгүүд аж ахуйн тооцоотой учраас ор хоно­гийн мөнгө хэд байхыг өөрсдөө шийднэ. Хувийн эмнэлгийн удирдлагууд “Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсдог” гэх аж.

Монгол улсад 10 мянган хүн амд ногдох эмнэлгийн орны тоо 92.6 байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй өн­дөр тоо юм. Гэтэл манай хувийн эмнэлгүүдийн 70-80 хувь нь орны тоогоо нэмүүлье гэсэн хүсэлт байнга гаргадаг байх юм. Үнэхээр эмчлүүлэгч олонтойдоо байна уу, нийгмийн даатгалаас авах санхүүжилтээ нэмэх гэсэн үү гэдгийг ялгах л хэрэгтэй. Жишээ нь Дархан уул аймгийн “Саран элит” гээд эмнэлэг байна.

Анх 20 ортой гэж сан­хүүжилт авдаг байж байгаад гэнэт 60 орны тоогоор санхүүждэг болжээ. Харин Эрүүл мэндийн сайдын 2014 оны тушаалаар ийм олон ор танай эмнэлэгт хэрэггүй, хүн амын тоог нь бодсон ч тэр, танай эмнэлгийн хүчин чадлыг харсан ч 60 биш 32 ортой байхад хангалттай юм байна гээд орны тоог нь баталсан байдаг. “Саран элит” эмнэлгийн захирал нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байж байгаад Нийгмийн даат­галын газрын даргаар томилогдсон байдаг. Энэ мэт жишээ, баримт цөөнгүй байдаг юм.




Т.Эрдэнэ




Эх сурвалж: