Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тус улсад айлчиллаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, болон Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд, Улсын Ерөнхий Прокурорын нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар багтсан юм.
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-тэй албан ёсны хэлэлцээр хийж хоёр орны прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2014 онд өргөн хүрээтэй тэмдэглэхээр тохиролцсон ба тус ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор Вьетнам Улсад ийнхүү айлчилж байгаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.
Хоёр орны хооронд 1976 онд байгуулсан Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх Ерөнхий хэлэлцээрт түшиглэн “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хооронд хамтран ажиллах Протокол”-т гарын үсэг зурлаа.
Хоёр тал прокурорын ажилтан, судлаач харилцан илгээж туршлага судлах, мэдээлэл солилцох, урт, богино хугацаагаар боловсон хүчин бэлтгэх, олон улсын болон бүс нутагт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Мөн Ерөнхий прокурор Д.Дорлигжав айлчлалын үеэр Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-д бараалхлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг-д илгээсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Вьетнам Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Вьетнамын прокурор, шүүх байгууллагын удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийнхээ талаар танилцуулсан юм.
Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг “2014 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Монгол Улсын Ерөнхий прокурорын Вьетнам Улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь тус ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.
Вьетнам Улс, Монгол Улстай улс төр, эдийн засаг, худалдаа болон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Бид хоёр орны хооронд хэрэгжүүлж ирсэн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээг цаашид ч үргэлжлүүлж тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна” гээд Монгол, Вьетнамын прокурорын байгууллага хооронд харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсанд баяр хүргэж, баримт бичгийн заалтуудыг ажил хэрэг болгож биелүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
АН-н дарга нар ч гадаадад зугаалах л ажилтай болоо шив дээ. Эдийн засаг хүнд гээд байдаг эд нар зугаалаад өчнөөн мөнгө хаяад байдаг болоогүй ээ ганцаараа биш ачнөөн дагуулуудтай явдаг аа хөөрхий энэ улс орон ард түмний амьдрал өрөөс өдөрт доройтоод байдаг эвгүй л болоод байнадаа.