sonin.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ахиц дэвшил гарах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан байна гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэсэн заалтыг онцолсон.

Мөн тэрбээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдсэн эсэхийг лавлаж байлаа.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжавын хариулснаар, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх, дүүргийн шүүхүүд шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхлээд байгаа юм байна. Цаашид бүх шүүхийг ийм боломжоор хангах ажээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” хэмээх заалтын талаар тодруулсан.



Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Өөрөө биечлэн оролцох бол төлөөлж буй этгээд оролцохгүй гэдгийг тодруулан хуульд тусгаж өгч байгаа юм.

Иргэнийг төлөөлж буй этгээд шүүх хуралд биечлэн оролцох тохиолдолд тухайн иргэн шүүх хуралд суух эрх нь нээлттэй” хэмээн хариулсан. Гишүүд ийн хэлэлцээд дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийн батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.