sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.18/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны хугацаанд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай болж буй.

Тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэсэн бөгөөд төсөлд Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд батлуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Энэ хүрээнд эрх зүйн бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Тогтоолын төслийг баталж, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах холбогдох хууль, шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн батлуулж, хэрэгжүүлснээр валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан улмаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах нөхцөл бүрдэх юм гэж төсөл санаачлагч онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.