sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж Байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Учир нь одоогийн мөрдөгдөж буй татвар, хураамжийн ам.доллараар илэрхийлэгдсэн хувь хэмжээг шууд төгрөгт шилжүүлэн тогтоохдоо төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханшийг тухайн өдрийн ханшаар тооцоод явах уу, эсвэл жил жилд ам.доллараа төгрөгт шилжүүлж явах уу гэсэн хоёр гарц дээр гишүүд нэлээдгүй маргаантай байсан юм.

Ц.Даваасүрэн гишүүн, дотоодын архин дээр 32, импортын архин дээр 32, нийт 64 тэрбум, мөн пивон дээр 2,7 тэрбум, суудлын автомашин дээр 39 тэрбум төгрөгийг чөлөөлөхөөр ярьж байна. Мөн бензин дизель дээр 20, дотоодын тамхин дээр 10 тэрбум, дотоодын пивоны онцгой албан татвар дээр 5,7, хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз 6,6 гээд валютын ханшны зөрүү нийтдээ 136 тэрбум болж байна. Ийм орлого орох бололцоо байсан гэж харагдаж байна. Цаашид валютын ханш өсөөд төгрөгийн ханш унаад явах юм бол илүү ихийг чөлөөлнө гэсэн үг.

Ч.Улаан гишүүн, 1384 гэдэг ханшийг аваад төгрөгт шилжүүлвэл яасан юм бэ гэсэн санал гарч байна. Энэ бол боломжгүй. 1384 гэдэг ханш энэ оны хувьд төсвийн тооцоонд анх хэрэглэж байсан, одоо эвдэгдсэн ханш. Энэ хуулийг 2015 оноос эхэлж мөрдөнө гэж тооцож байгаа. 2015 оны ханш бол огт өөр ханш байна. Энэ асуудлыг чуулган дээр ярих явцад гишүүд хууль батлах өдрийн тухайн ханшаар аваад явбал яасан юм бэ гэсэн санал хэлсэн. Засгийн газар үүнийг байж болох хувилбар гэж үзэж байгаа. Онцой албан татвар гэдэг бол онцгой бараан дээр оногддог нэмэгдэл татвар. Энэ татвар дээр ам.доллараар байгааг төгрөгт шилжүүлбэл онцгой албан татвар тогтмол байдаг эдийн засгийн агуулгатай нийцэх гээд байгаа юм. Одоо ам.доллараар нь үлдээгээд тухайн өдрийн ханшаар явахаар нэгдүгээрт тогтмол байна гэдэг утгаа алдаж байгаа, хоёрдугаарт өдөр бүр татварын хэмжээ өөрчлөгдөж байгаа учраас техник ажил ихтэй хүндрэлтэй болно.

Мөн хуралдаанаар Үндэсний Аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад танилцууллаа.

Үндэсний аудитын газар, аймаг, нийслэлийн аудитын газрууд 2013 онд Төрийн аудитын

тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон аудитын олон улсын стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна.

Төрийн аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн аудит 311, санхүүгийн тайлангийн аудит 4099, эрсдэлийн болон нийцлийн аудит 196, нийтдээ 4606 аудит хийжээ. Аудитын үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 24.8 тэрбум төгрөг оруулсан байна.

Төрийн аудитын байгууллагын санхүүжилтийн нэг төгрөгт ногдох үр өгөөж 2012 онд 44.80 төгрөг байсан бол 2013 онд 55.20 төгрөг болж 23.2 хувиар өсчээ.

Аудитор, шинжээчид 35.1 тэрбум төгрөгийн акт тогтоож үүний 65.8 хувийг 2013 онд нь багтаан хэрэгжүүлсэн байна. 2013 онд зөрчил гаргасан 682 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох дээд албан тушаалтанд санал явуулж 607 албан тушаалтанд хариуцлага тооцож, 65 асуудлыг хууль хяналтын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар асуулт асууж хариулт авав.

Аудитын газар шинэ бүтцээр ажиллаж эхлээд удаагүй байгаа учир гишүүдийн зүгээс тодорхой дүгнэлт өгөхөөс илүүтэй цаашид хэрхэн ажиллах талаар санал хэлж байсан юм.



Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, “ Энэ удаагийн тайланд Аудитын газраас өмнө гарч байсан тайлангаас онцын ялгаатай зүйл ажиглагдахгүй байна. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр өнөөгийн хүрсэн түвшин бидний хүлээгээд байгаа түвшинд хүрэхгүй байна. Гол нь санхүүгийн зөрчил илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас илүү өгсөн төсөвт хөрөнгөөр тухайн төсвийн эрх захирагч тавьсан зорилгодоо хүрсэн үү гэдгийг гаргаж байх ёстой. Цаашид энэ чиглэлд та бүгд илүү ач холбогдол өгч ажиллах шаардлагатай . Энэ удаад Ажлын хэсэг гаргаж тайланд үнэлэлт, дүгнэлт гаргахгүй ч цаашид шинэ хуулиар ажиллах учраас Ажлын хэсэг гарч ажиллана. Түүнчлэн шинэ Аудитын тухай хуулиар УИХ-ын захиалгат хяналт шалгалт, аудитын дүгнэлтийг Байнгын хороон дээр сонсч зарим зүйл дээр зөвлөмж, дүгнэлт гаргах хэлбэрээр ажиллана. Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг сайн гүйцэтгэх чиглэлд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас захиалгат ажлуудыг цаг хугацаанд оруулж ирэхэд анхаарч ажиллах хэрэгтэй"-г анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.