sonin.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн “Залуу малчдын чуулга уулзалт” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр малчид болон залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, УИХ дахь МАН-ын бүлгээс энэ чиглэлээр санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийн талаар уулзалтад оролцогсдод мэдээлэл өгч, санал бодлоо солилцжээ.

Тэрээр залуу малчдад хандаж “Манай улс уламжлалт ёс заншил, үндэсний соёлын өвөө хадгалан үлдэж чадсан цөөхөн орны нэг. Залуу үеийнхэндээ энэхүү өв соёлоо уламжлуулан үлдээх нь бидний үүрэг.

Малчин түмэн, залуу малчдынхаа амьдралын баталгаа, нийгмийн асуудлаар төрөөс тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас малчид та бүхнийхээ хэлж буй санал бодлыг төр засагт уламжилж, төрийн бодлого шийдвэрт тусгуулахад анхаарч ажиллана” гэв.

Чуулга уулзалтын үеэр залуу малчид төрийн бодлогыг иргэдэд ойртуулах, бэлчээрийн  даацын асуудалд анхаарал хандуулахыг төр засагт уламжлахын зэрэгцээ Орхон аймгийг хот болгож өгөх хүсэлтээ гишүүндээ илэрхийлэв.

Мөн залуу малчдын чуулга уулзалтад МУСГЗ Д.Шагдарсүрэн "Монголын малчдын түүхэн өв, залуу малчдын өмнө  тулгарч буй асуудал, байгаль цаг агаарыг шинжихүй" сэдэвт сургалт хийжээ.

Малчин баг нь 811 өрх, 2462 иргэнтэй аж. Энэ багийнхан 93141 малтай бөгөөд энэ жил 30250 гаруй төл хүлээн авчээ.