sonin.mn

УИХ-ын гишүүн, нйигмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батжаргал, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нарыг өнөөдөр /2014.04.22/ хүлээн авч уулзав.

“Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бус байгууллагын захиалгаар МУИС-ийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийсэн байна.

Энэхүү судалгаа нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын зорилго, санхүүжилтийн бодлогтой нийцэж байгаа эсэх, боловсролын салбарын санхүүжилтийн өөрчлөлт, суралцагчдын сурлагын амжилт санхүүжилтийн хэмжээнээс хамаарч байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн байна.



Дээрх судалгааны үр дүнг танилцуулах олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэхдээ, манай байнгын хороотой хамтарч боловсролын тухай хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой. Та бүхэн сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллаарай хэмээн онцлов.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хэлэлцүүлэг хийх гээд явж байгаа нь сайн байна. Хэлэлцүүлэг төдийхнөөр битгий хандаарай. Бүх нийтийн боловсролыг дэмжихэд бид бүх талаараа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.