sonin.mn

Хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт “Мал өссөн нь хуц ухнын хийсэн ажил” гэж хэлсэн нь олон малчдын дургүйцлийг хүргэжээ.

Монголын үнэт баялаг болсон мал, түүнийг эзэмшигч малчдын хөдөлмөрийг үгүйсгэсэн энэ үйлдлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэж “Монголын малчдын хөгжлийг дэмжих” холбооныхон хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ. Хурлын дараа Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Б.Бадарчтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна.

-С.Баярцогт гишүүн хаврын чуулганы үеэр малчдын хөдөлмөрийг үгүйсгэсэн тухай ярилаа?

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын мал сүрэг өнөөдөр 45 саяд хүрлээ гэсэн баяртай мэдээ бидэнд дуулгасан. Гэтэл УИХ-ын гишүүн нөхөр С.Бямбацогт “Мал өссөн нь хуц ухнын хийсэн ажил” гэж хэлсэн нь бүх малчдыг доромжилсон үйлдэл боллоо.

Энэ 45 сая мал бол 155 мянган малчин өрхийн борви бохисхийлгүй хөлсөө урсган хөдөлмөрлөсний өрөм тос юм. Монголчууд “Ажил хийвэл ам тосдоно” гэж хэлдэг.

Үеэс үед өвлөгдөн ирсэн малч ухаанаар, тарга тэвээргийг нь хэрхэн авахуулах, яаж тогтоох, хужир мараа, өвс хадлан, чоно нохой гэсээр эрхэм гишүүн С.Бямбацогтыг өглөө өндийгөөгүй байхад үүр цүүрээр босч, унтсан хойно нь үдэш хүртэл суух завгүй хөдөлмөрлөдөг нь малчин хүний аж амьдрал.

Малчин ард, мал хоёргүйгээр Монголчууд хэрхэн амьдрах байсан бол гэж бодохоор санаанд буухгүй байна. Би удам залгасан малчин, миний хүүхдүүд малчин болсон.

-Өнөөдөр хэдэн аймгийн төлөөлөл ирсэн бэ?

-Төв, Дорнод, Хэнтий аймгийн малчдын төлөөлөл ирсэн. 155 мянган ам бүлийн хагас сая гаруй малчин Монгол түмнээ залхуу хойрго, хуц ухнадаа даатгаад орхичихдог гэж төрийн хоймроос бэлэг ерөөлгүй, буруу муухай үг хэлсэнд бид гомдолтой байна.

-Та бүгдийг улс төрийн захиалгаар хэвлэлийн хурал хийлгэж байна гэж хүмүүс ярьж байна. Энэ талаар?

-Бид улс төрийн ямар ч намын захиалгаар яваагүй. Өнөөдөр Монголын баялаг болсон мал, түүнийг өдөр шөнөгүй дагаж хариулдаг хагас сая гаруй малчин байна. Энэ бүх хүнийг залхуу, хойрго гэж дуудсан С.Баямбацогт гишүүнийг уучлал гуйх ёстой гэж бид хэд төлөөлөл болон ирлээ. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг ямар ч намын захиалгаар хийгээгүй гэдгийг дахиад хэлье.