sonin.mn

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаагийн "Шөнийн талд адуу янцгаана" гэсэн алдартай шүлэг бий. Зурагт мурагтаар байн байн уншаад байгааг бодоход Нямаагийн гол шүлэг юм шиг байгаа юм. Харин гарчиг хийгээд дотоод тодотголын тухайд ганц нэг үг хэлье.

"Шөнийн талд адуу янцгаана" гэдгийг эргүүлээд бодвол өдрийн талд, өглөөний талд гэсэн үг хэллэг зайлшгүй санагдаж магадгүй. Монгол хүн "өдрийн тал" гэж хар яриандаа ч гэсэн ярьдаг сан бил үү. Энэ бол мушгиж байгаа санаа биш юм аа.

Шууд хэлэхэд "Талд шөнө адуу янцгаана" гэсэн бол найруулга зүйн талаасаа зөв гаргалгаа болох нь дамжиггүй. Шөнө талд адуу янцгаана" гэсэн ч найруулга зүйн үүднээс аваад үзэхүй аяс нийлүү болмоор ч юм шиг. Энэ шүлгийн найруулгаар ярихад хүрвэл "шөнийн далай", "шөнийн уул" гэж ярих, бичихэд хүрэх биш үү.

Долгорын Нямаа гэдэг яруу найрагчийг өөнтөглөн дүгнэж буй хэрэг биш, идэр залуус санаа авч цаашдынхаа бүтээлд анхаараг л хэмээн ийн бичиж буй.

Ер нь улирал, cap, хугацааг хэл шинжлэлийн үүднээс үзвэл орчин ахуйн тодотгол маягаар нэг их найруулдаггүй л болов уу. Улирал, цаг хугацааг цаг хугацааных нь тодотгол болгосон байх нь олонтоо байна. Жишээ нь: Пушкин 1829 онд "Земнее утро" гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн. Монгол ардын дуунд зуны нар, зундаа дулаан, өвлийн нар, өвөлдөө дулаан гэдэг нь найруулга зүйн үүднээс хэл шинжлэлийн ондоо агуулга гараад ирдэг.

Яруу найраг, зохиолыг эхлээд хэл найруулгын талаас нь авч хэлэлцэх учиртай. Хэл муу сайн зохиол гэж огт байдаггүй. Үндэсний хэлний талаар унтаж байснаа сэрсэн мэт хүн бүр ярих гээд, хэлэх гээд байгаа энэ үед бага ч гэсэн чихэр нэмэх гээд байгаа хэрэг. Энэ маань тэгтэл чихэр болчихов уу, давс болчихов уу.

Д.Нямаагийн энэ шүлгийн найрлага зүйн талд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны "Дөрвөн цагийн тал" гэдэг дууны үг их нөлөө үзүүлсэн байх. Надад ч гэсэн итгэл үнэмшилтэй бодогдоод байдаг. Өвлийн тал тийм тийм, зуны тал тийм ийм гэх мэт хэллэгтэй их алдартай дуу л даа.

Бас энэ дууны үг шиг өвлийн тал, зуны тал гэснээс талд өвөл, талд зун гэвэл яасан юм бэ гэж тэр дууг сонсох бүр бодогдоно. Дэндэвийн Пүрэвдоржийг би шилдэг яруу найрагч гэдгийг үгүйсгэхгүй. Монголын хувьд сонгодог шүлэгч. Харин нэлээд дууны үгэндээ гэнэ сэрэг найрлага зүй, утга агуулгын алдаа гаргачихсан найрагч. Энэ бол бас үгүйсгэл биш. Бодоод үзье.

"Хөөрхөн хос жараахай болоод

Хөвж явна гэж урьд шөнө би зүүдэллээ

Урьд шөнө чи зүүдлэв үү..." гэх шиг дууны шүлэг бий. Хэн нэг хүн жараахай болж зүүдэлбэл сайхан зүүд зүүдэллээ гэх үү. Хар дарж, муухай зүүд зүүдэллээ гэх үү. Бодох л хэрэгтэй.

Ер нь манай орчин цагийн яруу найрагт хүнийг доош нь хийж, өвс ургамал, адгуусан амьтны хэмжээнд унагаж зүйрлэх явдал хавтгайрч байна. Хайртай дуртай хүүхний тухай бичихдээ голдуу алаг цэцэг шиг гэх нь бүр улиг болоод байна. Цэцэг гэдэг маань зүгээр л нэг өвс ургамал шүү дээ.

Гайхамшигтай сайхан хүүхнээ гандаж, ургаж, унаж, хагдардаг өвс ургамалтай зүйрлэн зэрэгцүүлэх нь хэр зохимжтой вэ. Бядтай, бяртай эрчүүдээ бугатай жиших нь хэр вэ. Сайхан дуулдаг хүнийг алтан гургалдайтай адилтгаж зүйрлэнэ. Эрэлхэг баатарлаг хүнийг арслан барс шиг гэж зүйрлэнэ.

Эрдэмт хүмүүнийг өргөж байна уу, унагаж байна уу. Наад захын иймэрхүү аар саархан, зах зухын жишээний сэдэв. "Утга зохиол, урлаг" сонинд цуврал бичдэг ч юм билүү гэж бодож байна. Унших хүний цаг бага үрэх, нийтлэх сонинд зай бага эзлэх, хар ухааны утга уянгын жижиг санамжийг эрхлэгч нь зөвшөөрвөл цувралаар...

 

Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Яруу найрагч З.Дорж