sonin.mn

Түүх үнэнээрээ байх ёстой гэж амтай болгон хэлдэг дээ. Ер нь ч тийм. Социализмын үед МАХН-ын эрхтэн дархтаны тааллаар түүхийг гуйвуулах, завхруулах нь хэвийн үзэгдэл болсныг дээр дооргүй хүлээн зөвшөөрдөг. Гэтэл аль нь зөв аль нь бурууг ухаарахгүй, ухаарахыг ч хүсэхгүй "сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр" гэгчээр хэлж ярьдаг, хийж будлиантуулдаг хүмүүс байсаар.

Бүр санаатай гуйвуулах бодолтой хүн ч байдаг л бололтой. 1920-иод оны эхээр Монголын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Үнэн сонины анхны дугаарыг бэлтгэж хэвлүүлсэн, анхдугаар үндсэн хууль болон хувьсгалын баримт бичгүүдийг боловсруулахад биечлэн оролцсон, Засгийн Газрын зөвлөх түшмэл, МАХН-ын ТХ-ын тэргүүлэгч гишүүн Улсын Бага Хурлын гишүүн, Цэргийн Зөвлөлийн даргаар ажиллаж асан Элбэгдорж Ринчиног О.Пүрэв билүү нэг түүхч 1980-аад онд жанжин Д.Сүхбаатарыг хорлосон байж магадгүй гэсэн таамглал гаргасан санагдана.

МАХН-ын ая таалалд нийцүүлсэн байж ч магад. Чухам ямар үндэслэлээр ийм таамаглал гаргасан нь батлагдаагүй. Гэтэл манай сэхээтнүүд тэр таамаглалыг уухайн тас шүүрэн авч буриад л бол японы тагнуул, цагаан Бароны үлдэгдэл гэх 1920-30-аад оны хэлмэгдүүлэлтийн сэтгэлгээгээр Э.Ринчиног юм бүхэнд буруутгах хандлага бүр ч идэвхжиж байх шиг.

Нийтлэлч Баабар хүртэл баримт нотолгоогүйгээр Ринчиног "Тэрээр С.Данзан Д.Сүхбаатар нартай хавсайдаж Д.Бодоог унагаж авсныхаа дараа өөр бусадтай нийлж Данзанг унагах бэлтгэл хийж байжээ" гэж бичжээ. (Ринчиногийн байгуулсан нам ба улс. Өдрийн сонин. 2006.№051)

Жанжин Данзан намынхаа III их хуралд ирэхгүй болохоор нь баривчилж авчрахаар болжээ. Тэгээд Ринчиног комиссын бүрэлдэхүүнд оруулах гэтэл тэрээр "би түүнтэй санал зөрөөд байгаа юм, тиймээс татгалзаж байна" гээд зөвшөөрөөгүй байна. Ерөнхий сайд Цэрэндорж ч бас халгаасангүй. Шүүх Яамны дэд сайд тэргүүтэй комиссынхан Данзанг баривчлангуут тэнд нь буудчихаад ирсэн юм билээ.

Нөгөөх сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр гэгчийн үлгэрээр зарим телевизийн нэвтрүүлсэн "Долоон бурхан шингэдэггүй" гэдэг кинонд Ринчино 1921 оны хувьсгалын анхны долоог ээлж дараалан устгасан мэтээр үзүүлсэн байна. Гэтэл Ринчино амьд сэрүүн ахуйдаа монголчуудын дунд хутган үймүүлэх хорт бодлого явуулсан эзэн нь Коминтерний төлөөлөгч Т.РРыскулов мөн.

Түүнээс л болж Данзан алагдсан гэдгийг хэлсэн байна. Тэгээд энэ бүхнийг өөр дээр нь хилсээр тохож байгааг ч ойлгосон юм билээ.  Данзангийн алагдсаны учир холбогдлыг өөр дэр нь тохож байгаагийн цаад зорилго бол өөрийн нь амь насанд нь аюул учруулахын дохио гэдгийг ухаантай хүн юу эс андахав.

Тиймээс яаравчлан 1925 онд нутаг буцахаас өөр аргагүй болсон нь тодорхой. Тэр Т.Р.Рыскулов гэгч Комимтерний төлөөлөгчийг МАХН-ынхан (одоогийн МАН) социалист тогтолцооны үед өргөмжлөн дээдэлж, ажиллаж асан байшингийн нь ханан дээр "Энд Т.Р.Рыскулов ажиллаж байв" гэсэн дурсгалын самбар байрлуулсан байжээ.

Түүнийг үзэж харсан хүмүүс одоо ч бидний дунд амьдарсаар. Юуны учир тэр хүнийг ийнхүү өргөмжлөх болов. Тун хачирхалтай. Гэтэл тэр "Долоон бурхан шингэдэггүй" кино Э.Ринчиног боомилон алж байгаагаар төгсдөг нь МАН-ынхан түүхийг зориуд гуйвуулж, хойч үеийг төөрөгдүүлэх санаагаа яруу тодоор илчилсэн хэрэг болжээ.

Юутай ч тэр киног МАН-ын захиалгаар бүтээсэн юм билээ. Тэгэхээр энэ нам Монголын түүхийг зориудаар гуйвуулж, ард түмний толгойг мунхруулсан хэвээр ажээ. Цаана нь ямар нэг зорилго байж таарна биз.

Баабар "Москва энэ хүнд нэг талаас Монголын нөхцөл байдал, хүн ардын хүсэл эрмэлзлэлийг сайн мэддэг, МАХН-ын тууштай зүүний өрсөлдөгчгүй хошуучлагч хэмээн итгэл хүлээлгэх боловч нөгөө талаас үндсэрхэг үзэлтэй, нармай монголын үзэлтэн хэмээн хардаж, монголчуудыг Ринчиногийн хорт нөлөөллөөс аажмаар холдуулах хэрэгтэй хэмээн үл итгэнэ" гэжээ.

Москва ингэж үзэж байсан учраас л өөрсдийн бүх бузар булайг монгол хүн монголчуудаа хутган үймүүлж, харгис бодлого явуулж байсан мэт болгон Ринчиногийн толгойн дээр тохож, түүнийг нь угаасаа түүнд атаархан дургүйцэж асан МАХН-ын эрх баригчид дуулгавартайяа хүлээн авсан хэрэг.

Тэгээд л Баабарын хэлсэнчлэн "1990 оноос Монголын коммунистууд өөрийн намын нэр хүндийг аврахын тулд тэр буриад нөхрийг эсер намын гишүүн байсан, сайн дураараа орж ирсэн хутган үймүүлэгч байснаас болж хамаг хэрэг буруу тийшээ эргэсэн гэсэн шуү юм ярьж Ринчиног харааж харлуулсан боловч үнэндээ түүний бүх үйлдлийг харахул тийм бишээр үл барам тэрээр монгол хүн" (Ринчиногийн байгуулсан нам ба улс Өдрийн сонин. 2006. №051) гэдэг нь ойлгогдоно.

Ринчиногийн тухай судлаачдын дүгнэлт, өөрийн нь намтар, бүтээл (Их гүрнүүд ба Монголын тусгаар тогтнол гэсэн өгүүлэл байна), гэргийн нь дурсамж зэргээс үзэхэд
Монголын үзэлтэн, Монголын төлөө гэсэн халуун сэтгэлтэй монгол хүн байсан нь хэн бүхэнд бүр ч тодорхой болно.

Тэр ч чанараараа Монгол Улсын тусгаар тогтнол, шинэ тулгар төр улсыг төлөвшүүлэхэд бие сэтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн байсныг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Э.Ринчиногийн хувийн зан төлөвийн талаар гэргийн нь болон бусад хүмүүсийн дурсамжаас үзэхэд "Долоон бурхан шингэдэггүй" киноны Ринчиногийн дүрээс эрс өөр байна.

Т.Р.Рыскулов "Ринчиногийн үг санаа бол Монголыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орулах бус бүх Монголыг нэгтгэхэд Чиглэгдэж байна" гэснээс хэн хэний нь үзэл бодол тодорч байх шиг. (Сун Хьён Сүк. Ринчино Рыскулов хоёрын маргааны тухай. Mongolia Vol.10 (3) 2000.Х.209)

Орос зөвлөлтийн нэрт эрдэмтэн, аялагч П.К.Козловын гэргий Е.В.Козлова Э.Ринчиног сайн мэддэгийн хувьд "Энэ гайхамшигтай хүн албан ажилдаа ч, энгийн харьцаанд ч үнэнч шудрага чанар, эелдэг зангаараа хүмүүсийн хүндэтгэлийг зүй ёсоор хүлээдэг байлаа" гэсэн нь түүний ямар хүн болохыг эргэлзэхийн аргагүйгээр тодорхойлжээ.

Тэгэхлээр орос, англи, герман хэл сайтар эээмшсэн, өндөр боловсрол, өндөр нэр хүндтэй түүнийг алуурчин байсан мэтээр бүхэлд нь харлуулах асуудал шудрага үнэнд харшилж  байна.

Ямартай ч Э.Ринчино улайрсан алуурчин ч биш, Баабарын төсөөлснөөр Монголын хаан болох гэж арга саам эрэлхийлсэн зальхай бэртэгчин ч биш ажээ. Харин Коминтерний өөр нэг төлөөлөгч Т.Р.Рыскулов л хутган үймүүлэгч хорт могой байсныг монголчууд бид хожуу боловч үнэн мөнөөр нь ойлгох цаг болжээ. Үнэн байдлыг Москва ба МАХН-үзэл бодлогод захируулдаг цаг үе нэгэнт өнгөрсөн болохоор түүхийн нэг зурвас хэсгийг залруулж гэгээ оруулъя.

Баабар "МАХН бол Ринчиногийн бүтээл, Коммунист Монгол Улс ч түүний бүтээл гэж хэлж болохуйц. Ингэж хэлбэрших бүх ажлыг тэрээр удирдсан юм. Тэр утгаараа Ринчино Монголын тусгаар тогтнолыг буй болгон бүтээлцэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг мөн" гэж дүгнээд "Тэр өөрөө чухам ямар үзэлтэй, хэний даалгавраар ирж хэрхэн эрх мэдэл олж авсан нь эдүгээ хүртэл оньсого хэвээр" гэсэн байдаг.

Үүнийг ганц Баабар ч биш олон олон хүн сонирхдог биз. Энэ оньсогыг тайлахад нэмэр болгох зорилгоор ОХ-ны Буриад Улсын нийгэмийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч С.Б.Очировын "Элбэгдорж Ринчино (1888-1939) өгүүлэл, амьд сэрүүн ахуйдаа өөрийн нь бичсэн намтар, түүний гэргийн (Тэрээр солонгос үндэстэн агаад ЗХУ-ын ШУА-ийн Физиологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, биологийн ухааны дэд эрдэмтэн Мария Никифоровна Ринчино нөхрийнхөө баригдангуут 24 цагийн дотор Москвагаас хөөгдөн гарчээ Ц.Н) дурсамж зэргийг нэрт орчуулагч Д.Бадамням Ардан Ангархаевын "Нево и Земля" номоос орчуулснаар уншигчдад танилцуулж байна.

ОХ-ны Буриад Улсын түүхийн ухааны дэд эрдэмтэн, сэтгүүлч С.Б.Очировын ЭЛБЭГДОРЖ РИНЧИНО (1888-1939] гэдэг өгүүллээс

Элбэгдорж Монголд ажиллах хугацаандаа Зөвлөлүүдийн орон болон Коминтерний төлөөлөгчдөөс тус улсын дотоод хэрэгт оролцох, дураараа захиран тушаах явдал гаргаж байсны эсрэг шийдвэртэй тэмцэл явуулж байв.

ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Г.В.Чичеринд илгээсэн захидалдаа "Хэрэв ОК (Б) Намын Төв Хороо оросын тариачдад захиран тушаах хандлагатай байснаа өөрчилж, итгүүлэн үнэмшүүлэх, хамтран ажиллах аястай болж байна. Гэтэл захиран тушаах гэмт үйлдлээ дорно дахины ард түмэн рүү чиглүүлэх болов.

Тэр ч байтугай өөрсдийгөө тахин шүтүүлэх хандлага гаргаж байна. Одоогоор Монголын нөхцөлд огт тохирохгүй өөрчлөлт шинэчлэлийг хүчээр тулган хүлээлгэх гэсэн Коминтерний төлөөлөгч Т.Р.Рыскулов мэтийн хүмүүсийн хорт явуулгаар улс төрийн байдал ихээхэн хүндэрч, бүх цэргийн жанжин Данзан, япон Данзан хоёрыг буудан алахад хүрэв. Гэтэл энэ бүх алдаа завхралаа надад тохож, гүжирдэн гүтгэж байна" гэж бичжээ.

Элбэгдорж Монголын Ардын Хувьсгалын эхний жилүүдэд шинэ Монголыг цогцлоон байгуулахын тулд нэгдсэн фронт байгуулж, дэвшилт үзэлтэй лам, феодалуудыг ч (жалханз хутагт Дамдинбазар, сэцэнхан Навааннэрэн, хатанбаатар Магсаржав нарын зэрэг) оролцуулах нь чухал гэж үзэж байв. Энэ үзэл баримтлалынхаа төлөө захиран тушаах арга барилтны зүгээс социалист хувьсгалаас урвалаа гэх мэт зэмлэлийг удаа дараа хүлээж байв.

Элбэгдорж 1926-27 онд Улаан профессоруудын сургуульд суралцан төгсгөөд 1927-37 он хүртэл Дорно Дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуульд (КУТВ) доцент, профессор багшаар ажиллаж байлаа. Тэрбээр 1937 оны зургадугаар сарын 19-нд японы тагнуул гэгч хилс хэрэгт баривчлагдаад 1938 оны зургадугаар сарын 10-нд цаазлагджээ. Түүнийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1957-оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор цагаатгасан байна

Элбэгдорж Ринчино Өөрийн намтар

Миний бие 1888 оны тавдугаар сарын 16-нд ЗСБНАБуриад Улсын Баргажин аймгийн Хялгана гэдэг газар малчин Бүүвэй Балганы охиноос төржээ. Эрт нэгэн цагт Өвөрмонголоос нүүж ирсэн гэх Сэлэнгийн эхирэт омгийн Ринчино миний ээжтэй суусан тул намайг хүүгээ болгон үрчилсэн хэрэг. Тэгэхэд би гурван настай байжээ.

Би 1899-1904 онд Баргажины бага сургуульд суралцахын зэрэгцээ 1903-1904 онд цөллөгийн социал демократ Архангельский, Майер хоёрын зохион байгуулсан сурагчдын нууц дугуйланд оролцов. 1905 онд нэрт хувьсгалч И.Окунцовын санаачилга, олон нийтийн хөрөнгөөр Дээд-Үдэд байгуулагдсан тоо, байгалийн ухааны чиглэлийн дунд сургуульд суралцлаа.

Окунцовтай дотно танилцсаны ачаар гимназид элссэн юм. 1906 онд Окунцов бүр хол цөлөгдөв. Би 1905 онд Дээд-Үдийн сурагчдын социал демократ дугуйланд элсч, удалгүй большевик удирдлагатай социал демократ намын гишүүн боллоо. Улмаар Шумяцкийн удирдлагаар нууц үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болов.

1906 онд Дээд-Үдийн гимназийн тавдугаар анги хаагдсан тул би Өвөрбайгал мужийн Тройцкосавска хотын тусгай дунд сургуульд шилжлээ. 1906-1907 онд
нийт оюутан сурагчдын хичээл хаялт болж, түүнд оролцсоны улмаас би сургуулиас хасагдав. Сурагчдын нууц бүлгэмийг меньшевик Рещиков удирдан социал демократуудтай марксизмын асуудлаар санал зөрөлдөх явдал олонтаа гардагсан.

Хожим намын нэрт зүтгэлтэн болсон К.Мальцевыг дагаад Дээд-Үдийн сурагчдын хуримтлуулж өгсөн мөнгөөр Томск орж, Технологийн Дээд Сургуулийн ерөнхий боловсролын гурван окилийн түр сургуульд суралцлаа. Тэнд оюутны нууц байгууллагад идэвхтэй оролцож байв. Удалгүй Сибирийн алдарт жуулчин Потанинтай танилцаад түүний нөлөөгөөр марксист сургаалаас хөндийрч Сибирийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэх мөрөөдөлд эзлэгдлээ.

1907 онд нутагтаа буцаж ирээд Баргажины Думийн эхирэт омгоос сургуульд суралцах тэтгэлэг олгосныг хүлээн авав. Тэр жилээ Томскийн Технологийн Дээд Сургуулийн оюутны нууц бүлгэмд оролцсоны учир шоронд орж үзлээ. Дараа нь бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шалгалтыг анги алгасч өгөөд 1908 оны намар Петер-бургийн Их Сургуулийн хууль зүйн факультетад элсэв.

Тус сургуульд суралцах хугацаандаа бас л оюутны нууц байгууллагад идэвхтэй оролцож, Оюутан, нутгийнхаа иргэд, Эрхүүгийн ардын багш нарын дунд намын суртал ухуулга хийхээс гадна социал демократ намын чиглэлээр сурталчилгааны өгүүлэл бичиж хэвлэлд нийтлүүлдэг боллоо.

1914 онд биеийн эрүүл мэндийн улмаас их сургуулиас гарч, 1915-1916 онд эрдэм шинжилгээний экспедицад оролцон Монгол орноор аялах зуураа "Монгол бөө", "Монголын эдийн засгийн бүсүүд" сэдэвт өгүүлэл бичсэн минь дайн самууны улмаас хэвлэгдээгүй юм.

1916 оны сүүлчээр Өвөрбайгал мужийн Чита хотын хоршооны статистикийн хэлтсийн эрхлэгчээр ажиллав. Тэндээсээ Дорнод Сибирийн  Буриад-Монголын Үндэсний Төв Хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Тариачдын депутатуудын мужийн гүйцэтгэх хорооны даргын зөвлөгчөөр давхар ажиллаж байлаа. Энэ үеэр социалист хувьсгалчдын нам болон максималистуудын бүлэгт элссэн болно.

Гэвч орон нутгийн болон ерөнхий асуудлуудаар байнга зөрөлдөх болсны улмаас эсер намаас гарсан билээ. Тэр үед Октябрийн Хувьсгал Пролетарийн хувьсгал, Францын хувьсгалын жишгээр хувьсгалт тэмцэл өрнүүлж, улмаар даян дэлхийд социализм ялуулах тухай зэрэг асуудлаар ихээхэн маргалддаг байсан юм.

Өвөрбайгалд Зөвлөлт Засаг тогтоох үйлст хүчин зүтгэсэн болохоороо Цэргийн Хувьсгалт Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Дагуурын фронтын хээрийн штабын гишүүнээр сонгогдсоны зэрэгцээ Буриад-монголчуудын улаан гвардийн зохион байгуулагчаар ажиллав. Энэ үеэрээ Сцбирийн Зөвлөлт Засгийн Газрын Гадаад Хэргийн Ардын комиссар Янсонгийн хамт дипломат харилцаа тогтоох зорилгоор Монголд очсон болно.

1918    оны сүүлчээр Сибирьт Зөвлөлт Засаг унахад Сибирийн Засгийн Газрын гишүүн асан Янсон, Парняков, Якимов нарын хамт Эгэт нутгийн малчин буриад айлд 1919 он гартал нуугдлаа. Энэ үеэр баруун социалистууд ба Буриад-Монголын үндэсний үзэлтнүүдийг төвийг сахьсан байдалд оруулах буюу ер нь иргэний дайнд оролцохоо зогсоох талаар ухуулга хийдэг байв.

1919    оны намраас "Нармай Монгол" хөдөлгөөнд оролцож эхэллээ. Тэхдээ их идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх, суртал ухуулгыг олон түмний дунд нууцаар хийх, энэ мэт асуудлаар тохиролцсоны эцэст бичгээр баталгаа гаргах нь зүйтэй гэх зэргээр хөдөлгөөний удирдагч нарыг ятгадаг байв.

Гэвч хөдөлгөөний удирдагч нар японы ятгалганд орж, тохиролцоогоо зөрчиж эхэлсэн юм. Тэгсэн мөртлөө одоогийн Манж-го Улсыг оролцуулаад Манж-Монголын нэгдсэн улс байгуулах зорилгоор Чита хотод бага хурал зарлан хуралдуулав. Миний бие тэр хуралд хурлыг тасалдуулах эсвэл үйл ажиллагааг нь өөр тийш тухайлбал феодализмын эсрэг үндэсний эрх чөлөөний тал руу чиглүүлэх зорилгоор оролцсон болно.

Тус хурлаас феодализмын эсрэг, ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, төвийг баримтлах чиглэл бүхий мөрийн хөтөлбөрийг зохион байгуулах хурал хүртэл баталсан юм. Энэ хурлаар байгуулагдсан Түр Засгийн Газрын сайдаар томилогдох саналаас би татгалзаад Засгийн тэргүүн Нэйс гэгээний зөвлөгчөөр ажиллахыг зөвшөөрөв.

Засгийн Газар япон, цагаантны эсрэг чиг баримжаатай болсон нь нааштай мэт байсан ч буриадуудыг улс төрийн үзэл баримтлалаар нь хэлмэгдүүлэх, мөрдөн хавчих ёсгүй гэсэн мөртлөө семёновчууд намайг баривчлах оролдлого хийж эхэллээ. Тиймээс 1919 оны эцсээр улаан партизанууд руу очихоос өөр аргагүй болсон юм.

Тэгээд Кульск тосгонд байсан улаан партизануудын штабын даргын туслах болсны хувьд цагаантан ба помещикуудын эсрэг эргэлт гэгчийг хийхэд биечлэн оролцов. 1920 оны сүүлчээр Оросын Коммунист большевикуудын намын Төв Хорооны Сибирь мужийн Хороонд Монголын асуудлыг хариуцан ажиллалаа.

Улмаар Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт ажиллаж байгаад Монголд очиж ажиллах томилолт авав. Тэнд 1921-1925 онд ажиллахдаа цагаантны эсрэг дайнд оролцож явав. МАН байгуулахад биечлэн оролцсон болохоор тус намын гишүүн болсон юм. Шинэ дутам байгуулагдсан Монголын Засгийн Газрын бүрэлдэхүүнд орж, Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. 1926-27 онд Улаан профессоруудын  институтэд суралцав.

1930 онд Бүх Холбоотын Коммунист большевикуудын намын орлогч гишүүнээр элслээ. 1933 онд намын гишүүнээр жинхлэх ёстой байсан боловч намын дотор цэвэрлэгээ явагдсаны улмаас чадсангүй. Гэвч ямар нэг зэмлэл хүлээгээгүй юм. 1927-1934 онд Дорно дахины хөдөлмөрчдийн Сталины нэрэжит коммунист их сургуульд багшаар ажиллаж байна

Э-Д.Ринчино. Москва.1934-Х-15.

М.Н.РИНЧИНО (ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ГЭРГИЙ)-ийн дурсамжаас

Би Элбэгдорж Ринчинотой 1920 оны эхээр Эрхүүд танилцаад тэр оныхоо эцсээр ханилан суусан юм Элбэг надаас 12 насаар ах юмсан. Тэр маань төлөв түвшин зантай, аливаад ул суурьтай ханддаг, өргөн мэдлэгтэй, ном их уншдаг, гайхалтай ажилсаг хүн байлаа. Ямар ч хүнтэй найрсаг, эгэл жирийн байдлаар харьцдаг байв.

Тэр чанарыг нь би ямагт хүндэтгэж ханддагсан. Монголын төлөөлөгчид Эрхүүд ирэхэд Элбэг бид хоёр тэдэнд тусалж, Москва явах бэлтгэлийг нь хангаж өгсөн юм. Тэд холбогдох хүмүүстэй удтал ярилцаж зөвлөлдөөд Ленинтэй уулзахаар явахад нь би галт тэрэгний буудал дээрээс үдэж мордуулсансан. (Элбэгдорж Монголын төлөөлөгчидтэй хамт явсан юм.Ц.Н) Тэр үед би Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан, Элбэг Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын монгол-түвдийн секцийн эрхлэгч байлаа.

Удалгүй дээд газраас Элбэгт Монголд очиж ажиллах томилолт өгсөн юм. Бид бэлтгэл хангах гэж нэг их төвөг удалгүй Улаан-үд оров. Тэнд Ж.Цэвээнийхтэй нийлээд хоёр морин тэргээр Өргөө одоогийн Улаанбаатар орохоор хөдөллөө. Замд их удаан явсан даа. Морьдоо хэд хэдэн удаа сольсонсон.

Цэвээн их яриа хөөрөөтэй, алиа хошин хүн билээ. Замын турш элдэв сонин хачныг ярина. Бидний Өргөөд ирэхэд гэр барьж өгөв. Манай гэр хуучин ч гэсэн тохилог аятайхан байлаа. Манай хүүхдүүд тэнд л төрсөн дөө. Ууган охиндоо Эржимаа буриад, удаах хүүдээ Санандар монгол, отгон охиндоо Енок солонгос (Ринчиногийн гэргий солонгос эмэгтэй байжээ Ц.Н) нэр тус тус өгсөн юм. Энэ бол бидний амьдралын хамгийн аз жаргалтай үе байж билээ.

Энэ дурсамжийг Д-Н.Раднаев 1967 онд Москвад бичиж авчээ.

Худай Ц.Намсрай