sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэхээр болоод байгаа юм.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргатай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-байгуулж иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авахаар харилцан тохиролцсон.

Эхний ээлжинд СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,  Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р хороог шилэн кабелд холбож иргэний бүртгэлийн 5 үйлчилгээг хорооноос иргэдэд үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Маргааш буюу 4 дүгээр сарын 24-нд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд 12 цагаас  энэхүү үйл ажиллагааны нээлт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.