sonin.mn

        Жил бүрийн 4 дүгээр сарын 23-ы өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр” Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ.

        Энэ удаагийн Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд "Интерном" номын их дэлгүүр, "Непко", "Мөнхийн үсэг", "Монсудар", “Аз хур” хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиолоо.

        Үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ эн түрүүнд уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэлийн компаниуд болон номын худалдааны байгууллагын төлөөлөл, мөн үзэсгэлэнгийн ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын албаны ажилтнууд, уншигчид, зохиогчдод Дэлхийн номын баярын өдрийн мэнд дэвшүүлэв.

        Тэрбээр “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)- аас 1995 оны 4 сарын 23-ы өдрийг анх удаа “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласнаас хойш дэлхийн 100 гаруй оронд 19 дэх жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдгээрээ онцлог” болохыг тэмдэглээд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, төрийн түшээдэд ном хэвлэлээ сурталчилж, шинэ номын танилцуулга хийж байгаад хэвлэлийн компаниудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.



Ерөнхий нарийн бичгийн дарга “Монгол улс ардчилсан парламентын засаглалтай орон болсон цагаас эхлэн УИХ-ын гишүүд, хууль тогтоох байгууллагын Ажлын албаны ажилтнуудыг судалгаа, мэдээлэл, ном, гарын авлагаар хангахад онцгойлон анхаарч ирсэн”-ийг дурдаад Улсын Их Хурлын номын сангийн талаар танилцуулж “Тус номын сан 1994 оноос хойш 20 дахь жилдээ Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж, хууль тогтоогчид болон Улсын Их Хурлын  Тамгын газрын ажилтнууд, Төрийн ордонд байрлах бусад байгууллагын ажилтнуудад үйлчилж байна.

Хэдийгээр манай номын сан олон нийтэд нээлттэй үйлчилдэггүй ч хүсэлт гаргасан уншигчид болон судлаачдад үргэлж нээлттэй байдаг”-ийг онцоллоо. Мөн тус номын санд Туркийн Олон улсын хөгжлийн агентлаг /TIIKA/-гийн төслөөр Цахим номын сангийн төсөл хэрэгжүүлж, оюуны өмчийн зөрчилгүй нээлттэй эхийн программ ашиглах, Дэлхийн банкны тусламжаар Хөгжлийн мэдээллийн төв байгуулах зэрэг олон ажил хийж ирснийг энэ ташрамд танилцуулсан юм.

Б.Болдбаатар дарга бас “УИХ-ын Тамгын газар цаашид номын сангийнхаа үйл ажиллагааг аль болохоор нээлттэй болгох, цахим систем ашиглан өөрийн сан хөмрөгт байгаа судалгааны болон бусад мэдээллийн эх сурвалжуудаа олон нийтэд нээлттэй ашиглуулах, зохиогчийн оюуны эрхийг зохистой хамгаалах талаар тодорхой санал, санаачилгууд гарган ажиллана” гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд гаргасан үзэсгэлэнд оролцогчид энэ үзэсгэлэнгийн үеэр сүүлийн жилүүдэд номын худалдаанд гарсан шинэ номын талаар мэдээлэл авч, өөрсдийн албан ажлын болон хувийн хэрэгцээнд шаардлагатай ном хэвлэлээ сонгож, зарим номын зохиогчидтой халуун дулаан ярилцлага өрнүүлэн, нэг өдрийг өөрсдийнхөө оюуны хэрэгцээнд зориулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.



        Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодплоо хуваалцсан юм. Тэдний нэг ”Непко” хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо ярихдаа “Хүмүүс бага уншдаг болсон гэдэг яриа худал, өнөөгийн хүмүүс баримтат уран сайхны болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном их уншиж байна. “Непко” компанийн хувьд ухаалаг төр, ухаалаг хүмүүсийн эрэлт хээрцээг хангахуйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном түлхүү хэвлэн гаргаж байгаа” талаар өгүүлсэн юм.



        Мөн үзэсгэлэнд номоо дэлгэн тавьсан хэвлэлийн газруудыг төлөөлж “Монсудар” хэвлэлийн компанийн захирал Э.Зориг үг хэлэхдээ өнөөгийн хүмүүс зөвхөн ном уншихаас гадна ном хандивлах үйл ажиллагаа явуулдаг болсныг дурдаад “Аливаа улс орны хөгжлийн түвшинг чөлөөт цагаараа ном уншдаг хүмүүсийнх нь тоон үзүүлэлтээр хэмждэг болж байгаа”-г онцолж, манайд харин ийм судалгаа байхгүй тул судлаачид үүнд анхаарч, энэ талаар судалгаа хийвэл зүгээр гэсэн бодолтой байгаагаа хуваалцлаа. Тэрбээр мөн өөрийн хэвлэлийн компанийн тухайд:

        - “Амьдралд гэрэл нэмнэ” уриатай “Монсудар” хэвлэлийн газрын хамт олон хүүхдийн ном, нийтийн ном, гадаад хэлний толь бичиг, газрын зураг, монгол хэл, соёл, түүхийн чиглэлийн ном зохиол эрхлэн гаргаж, жил бүр 70–80 орчим шинэ ном, бүтээлийг нийтийн хүртээл болгодог.

Тус хэвлэлийн газраас нийтийн боловсролыг дээшлүүлж оюуны царааг тэлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц өргөн сэдэв хөндсөн үндэсний болон гадаадын 800 гаруй ном, бүтээлийг уншигчдынхаа оюуны хүртээл болгоод байгаа.

Түүнчлэн манай хамт олон хуучны ховор, мартагдсан ном, зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Бидний ажиллагаа жилээс жилд өргөжиж, газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим, CD, толь бичиг, хэл шинжлэлийн бүтээлүүдийг эрхлэн гаргадаг бие даасан чиглэлүүдтэй болоод байгаа хэмээн ярилаа.

        Номын үзэсгэлэнгийн нээлтэд оролцогчдын сонорыг мялааж, СУИС-ийн оюутан Б.Чүлтэм морин хуурын эгшгээр ая дууны сацал өргөсний дараа “Непко” хэвлэлийн газраас энэ онд хэвлэн гаргаж олны хүртээл болгож буй Мэрриам Вэбстэрийн “Хурлын дэг” номыг тус компанийн ажилтан бүсгүй танилцуулав.



        Улсын Их Хурлын дарга З.Энхболдын санаачилгаар монгол хэлээр анх удаагаа гарч буй 10 бүлэг бүхий, олон улсад гарын авлага болсон энэ номд олон нийтийн хурал, семинарыг амжилттай, үр дүнтэй болгож, олонхын засаглал дээр тогтдог ардчилсан нийгэмд хурлын олонхыг бүрдүүлж буй хэсгийн дууг хоолойг нийтэд хэрхэн хүргэх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй жишээ тайлбартайгаар, загвар хүснэгтийн хамт өгүүлжээ.

Ялангуяа шинэ байгууллага байгуулахыг сонирхож байгаа хүмүүст зориулан энэ номын 3-р бүлэгт байгууллагынхаа анхны хурлыг ямар бүтэц, загвараар хэрхэн зохион байгуулж, уг хурлын үеэр ямар асуудлаар, чухам юуг, хэрхэн өгүүлэхийн чухлыг тайлбарласан байна.

        Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг авсан бөгөөд Улсын Их Хурлын номын сан ч өнөөдөр шинэ ном, бүтээлээр сан хөмрөгөө арвижуулан баяжууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.