sonin.mn

Манай улс газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацыг нэмэгдүүлэн, чанарыг сайжруулах, хорогдлыг багасгах зорилгоор нийт 33 нэр төрлийн пестицидыг үйлдвэрлэлд ямар нэгэн хэмжээгээр ашигладаг.

Импортоор орж ирж буй пестицидын чанар, найрлагыг тодорхойлох боломжгүй, зарим нь манай оронд туршигдаагүй, хэрэглэгчдийн пестицидын талаарх мэдлэг, мэдээлэлгүй зэрэг нь тулгамдаж буй асуудал болоод байна.

Мөн  чанарын шаардлага хангахгүй пестицид, тэдгээрийн сав баглааг устгах, устгалын цэг байхгүй, жагсаалтад ороогүй нэр, заавар нь үл мэдэгдэх пестицид орж ирэх зэрэг нь санаа зовоож байгаа юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан “Хүнсний аюулгүй байдлын хүрээнд: Пестицидын зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал” хэлэлцүүлгээр пестицид тойрсон асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр пестицидыг зөв зохистой хэрэглэх, хяналтын системийг боловсронгуй болгох, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үзүүлэлт стандарт шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх асуудал хөндөгдсөн.

Мөн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулах, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хүнсний хуулиуд, дүрэм, журамтай уялдуулан гэрээ хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ цаашид авч ажиллах нь чухал байна гэв.