sonin.mn

Биеийн тамир, спортыг төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж, иргэдээ оюуны болон бие бялдрын өв тэгш хөгжилтэй, эрүүл чийрэг, хөдөлмөрийн бүтээмж сайтай болгох, улмаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олонч, нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор анх арван жилийн тэртээ яамдын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байсан нь өдгөө “Засгийн газрын цом” тэмцээн болж өргөжиж, биеийн болон оюуны спортын төрлүүдээр хүрээгээ тэлсэн, төрийн албан хаагчдын хүсэн хүлээдэг спортын уламжлалт цогцолбор арга хэмжээ нэгэнт болжээ.

Энэ удаагийн “Засгийн газрын цом” тэмцээнд 16 яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нийт 800 орчим тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох спортын энэхүү цогцолбор тэмцээнээр төрийн албан хаагчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорих ажээ. “Засгийн газрын цом-2014” тэмцээнийг Батлан хамгаалах яам зохион байгуулж байна.